Шууд Chart

Израил-Хамас Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж оруулахаар тохиролцов

2024-01-17 14:53:29

Израил болон Хамасын тал Катар, Франц улсуудын зуучлалтайгаар Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхээр тохиролцсон байна. Энэ удаагийн тохиролцооны онцлог нь Газын зурвас руу тусламж оруулахаас гадна Хамас бүлгийн барьцаанд байгаа иргэдэд мөн хүмүүнлэгийн тусламж хүрэхээр тохиролцоонд дурдаж өгч байгаа юм. Газын зурвас дахь дайн 100 хоногоос давсан энэ үед нөхцөл байдал нэн хүнд, хүмүүнлэгийн тусламж нэн амин чухал зүйл болоод байна. АНУ-ын зүгээс энэ удаагийн тохиролцооны үр шимээр цаашид дахин тохиролцоонд хүрч, илүү олон барьцааны иргэн суллагдах боломжтой болов уу гэж харж байгаагаа илэрхийлсэн байна.

АНУ-аас Ойрх Дорнодод томилогдсон элч төлөөлөгч Катар улс дахь зуучлалын үеэр байлцаж, цаашдын барьцааны иргэдийг суллах боломжит тохиролцооны талаар хэлэлцсэн гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдээллээ. Хэлэлцээ маш нухацтай, эрчтэй” болж өнгөрсөн гэдгийг мөн дурдлаа. Катар улсын гадаад хэргийн яамнаас мөн хоёр тал тохиролцоо хэлэлцээрт хүрч чадсан гэдгийг мэдээлсэн. Тохиролцооны дагуу өнөөдөр Катарын нийслэл Доха хотоос Египет рүү хүмүүнлэгийн нэмэлт тусламж хөдөлнө. Египетийн тал хүмүүнлэгийн тусламжийг Газын зурвасын иргэдэд хүлээлгэн өгч, барьцаанд байгаа Израил иргэдэд эмнэлгийн тусламжийн хэрэгсэл явуулна.

Одоогоор Хамас бүлгийн барьцаанд 132 хүн байгаа гэж таамаглаж байгаа юм байна. Анх 10-р сарын 7-нд Хамас бүлэг Израил руу дайрахдаа 240 орчим хүнийг барьцаалсан гэж үзэж байгаагийн 100 орчмыг нь хоёр талын хэлэлцээрийн дагуу суллаж чадсан. Өнгөрсөн онд 7 хоног орчим үргэлжилсэн гал зогсоох хугацаа дуусахад барьцаанд үлдсэн иргэдийн эрүүл мэнд эрсдэлд байгаа, зарим нь нэн хүнд нөхцөлд байгаа талаар олон улсад мэдээлж байсан. Хүмүүнлэгийн тусламж оруулах талаар Катарын тал яриа хэлэлцээ өрнүүлэхээр ажиллаж байна гэж өнгөрсөн долоо хоногт Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньху мэдээлж байсан юм. Барьцаанд байгаа иргэдэд эмнэлгийн тусламж хүргэхээр хичээн ажиллаж байгаа хүмүүс, засгийн газруудад талархаж байгаагаа мөн өчигдөр албан ёсны мэдэгдлээрээ илэрхийлсэн.

Одоогоор Газын зурваст оршин суудаг иргэдийн 85 орчим хувь нь дотооддоо дүрвэсэн байдалтай байна. Израилын довтолгоонд өртөж амиа алдсан хүний тоо 24 мянга давсны дийлэнх нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд гэдгийг Хамасын эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Үүний улмаас Газын зурваст дайныг нэн даруй зогсоохыг дэлхийн олон улс орнууд Израил улсаас шаардсаар байна. Израилын хамгийн ойрын түнш АНУ ч мөн энгийн иргэдийн амь үрэгдсэн тоо хэрээс хэтэрснийг Израилд удаа дараа сануулсаар байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ойрх Дорнодод айлчилж, Газын зурвасын нөхцөл байдлыг НҮБ-ын цуглуулсан тоон баримт дээр түшиглэж танилцуулсан. Уг тоон баримтаар Газын зурвасын иргэдийн 90 орчим хувь нь хоол хүнсний нэн аюултай нөхцөлд амь зууж байгааг онцолсон. Мөн хүүхдүүд хоол хүнсний дутагдалд их хэмжээгээр орж байгаа нь урт хугацааны сөрөг үр дагавар ихтэйг анхааруулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израил-Хамас Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж оруулахаар тохиролцов  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй