Шууд Chart

Газын зурвасыг сэргээн босгоход 50 тэрбум ам.доллар шаардлагатай

2024-01-18 16:43:59

Газын зурваст Израил-Хамасын дайн 15 дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

Энэ хугацаанд Израилын тал Газын зурвас руу агаараас болон хуурай замаар тасралтгүй довтолж, хохирлын хэмжээ улам бүр нэмэгдсээр байна.

Газын зурвасын бараг 90 орчим хувь нь хэсэгчлэн болон бүрэн сүйдсэн байдалтай байгаа. Тэгвэл яг энэ цаг мөчид Швейцарын Давос хотод болж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Палестины төв банкны ерөнхий захирал Хашим Шава Японы "NHK" агентлагт өгсөн ярилцлагадаа Газын зурвасыг сэргээн босгоход багадаа 50 тэрбум америк доллар шаардлагатай гэж дурджээ.

Палестины банк нь 1960 онд Газын зурваст байгуулагдсан. Газын зурвас болоод Йордан голын баруун эрэгт нийтдээ 100 салбартай арилжааны том банк.

Энэ банк дэлхийн томоохон хөгжлийн банкуудаас зээл авч, палестинчуудын жижиг дунд бизнест зээл тусламж болгон хүргэдэг чиг үүрэгтэй ажилладаг байна.

Палестины банкны Ерөнхийлөгч Хашим Шавагийн хэлснээр энэ банк нийт 3000 орчим ажилтантай, тэдний 500 нь Газад буюу түүний төрөлх хотод ажилладаг байсан. Дайны улмаас ажилчдынх нь олонх нь гэр бүлийн хамт алагдсан гэдгийг ярилцлагынхаа үеэр дурдаж байлаа.

Дайны дараа Газын зурваст зөвхөн орон байруудыг сэргээн босгоход л дангаараа 15 тэрбум доллар багаар бодоход шаардлагатай гэж хэлсэн юм.

Орон байр дээр нэмээд дэд бүтэц, ус, цахилгааны хангамж сүлжээ, зам тээвэр зэргийг сэргээхэд шаардлагатай хөрөнгө 50 тэрбум доллар хол давна гэж дурдсан. 50 тэрбум хол давна гэж хэлж байгаагийн шалтгаан нь дайн одоо ч үргэлжилсээр байгаа, өдөр ирэх тутам хохирлын хэмжээ улам нэмэгдэж байгаа тул одоо зөвхөн багаар бодсон тоо л хэлэх боломжтой гэж онцолсон юм.

Мөн энэ дайн зогсох ёстой, дайны хөлд нэрвэгдсэн Газын зурвас, амь насаа алдсан тэр олон хүнийг бодоход сэтгэл шимширмээр гэдгийг хэлж байсан юм.

Одоо Швейцарын Давост болж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулганы энэ жилийн уриа нь “Итгэлцлийг дахин бий болгох”. Дэлхийн удирдагчид энэ уриаг урьтал болгож, Израил болон тусгаар тогтносон ирээдүйн Палестин улс зэрэгцэн, хоёр улс тогтолцоогоор оршин тогтнох тэр боломж бололцоог эрж хайгаасай гэж хүсэж байгаагаа Палестины банкны Ерөнхий захирал илэрхийлсэн юм.

Палестины зарим иргэд ийм итгэл найдвар тээж байгаа ч яг одоогийн байдлаар Газын зурваст дайн намжих төлөвгүй байна.

Өчигдөр Израилын агаарын хүч Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юунис хотын эмнэлгийг дахин бөмбөгдсөн. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Израил улс Хамас бүлгийг устгатлаа дайныг үргэлжлүүлэх болно гэж мэдэгдсэн.

Израилын довтолгооны улмаас Газын зурваст өлсгөлөн, өвчин эмгэг дэгдсэн ч хамаагүй Хамасын эсрэг ялалт байгуултлаа агаар, ус, хуурай газарт гээд бүхий л орон зайд тулалдсаар байх болно гэж тодотгосон байна.

Израилын зарим орон нутгийн хэвлэлүүдийн бичиж байгаагаар Биньямин Нетаньяху энэ дайныг 2025 он хүртэл үргэлжлүүлэх магадлалтай гэж мэдээлжээ.

Одоогоор Израилын довтолгоонд өртөж амиа алдсан хүний тоо 24 мянга 400 давсан байна. Газын зурвасын хүн амын 85 хувь буюу 1 сая 900 мянган хүн дотооддоо дүрвэж, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд амь зууж байгаагийн улмаас өлсгөлөн болоод элэгний шар өвчин тархаж эхэлсэн гэж Газын зурвас дахь холбогдох байгууллагаас мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газын зурвасыг сэргээн босгоход 50 тэрбум ам.доллар шаардлагатай  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй