Шууд Chart

Биньямин Нетаньяху: Тусгаар тогтносон Палестин улсыг хүлээн зөвшөөрөхгүй

2024-01-19 15:45:06

Газын зурваст 15 дахь долоо хоногтоо дайн үргэлжилж байгаа энэ цаг үед Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху "Хамас" бүлгийг устгатлаа довтолгоогоо зогсоохгүй гэдэг байр сууриа дахин илэрхийлсэн.

Үүнээс гадна дайн дууссаны дараа Израил болон Палестин гэсэн хоёр улс зэрэгцэн орших тогтолцоог бий болгох АНУ-ын саналыг эсэргүүцэж, тусгаар тогтносон Палестин улсыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ.

Мөн Израилын Засгийн газар 2024 оны батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Одоогийн байдлаар Израилын батлан хамгаалах арми болон Биньямин Нетаньяхугийн Засгийн газрын гол чиг үүрэг зорилгоо болгоод байгаа зүйл нь "Хамас"-ын барьцаанд байгаа 100 гаруй иргэнийг эсэн мэнд суллуулах болон "Хамас" бүлгийг бүр мөсөн устгах юм.

Үүний тулд хэр урт хугацаа зарцуулсан ч хамаагүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогссоор байна. Израилын энэ хатуу байр суурийн дагуу Газын зурвас руу явуулж байгаа түрэмгий ажиллагааны улмаас энэ бүсэд 25 мянга орчим хүн амь үрэгдэж, хүн амын 85 орчим хувь нь дотооддоо дүрвэсэн байдалтай байна.

Израилын энэ түрэмгий цэргийн бодлогыг олон улсад хурцаар шүүмжилсээр байгаа бол Израилын хамгийн ойр дотно түнш болох АНУ ч мөн хохирлын хэмжээг багасгахад анхаарч, дайн дууссаны дараа хоёр тусгаар улс зэрэгцэн орших тогтолцоог бий болгох тал дээр зөвшилцөх сонирхлоо илэрхийлсээр байна.

Олон улсад энэ дайныг дуусгах гол арга зам бол дипломат яриа хэлэлцээний арга зам гэж үзэж, дайн удахгүй дуусна гэх итгэл найдвараа илэрхийлсээр байгаа ч Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху үүний эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр "Дайн дууслаа ч ирээдүйд Израил улс аюулгүй байдлаа сахин хамгаалах үүрэгтэй. Израилын газар нутаг, Иордан голын баруун эрэгт дахин аюул тархахаас сэргийлж, аюулгүй байдлыг нь сахин хамгаалах удирдлагыг бид атгах ёстой. Израилын аюулгүй байдалд халдаж болзошгүй эрсдэл битгий гарга гэж америк нөхдөдөө хандаж хэлье. Ерөнхий сайд миний бие шаардлагатай бол найз нөхдөдөө үгүй гэж хэлдэг, боломжтой зүйл дээр тийм гэж хэлдэг байх болно" гэжээ.

Ерөнхий сайд Биньямин Нетаньяху улс төрд хүчин зүтгэж байсан бүхий л хугацаандаа ямагт тусгаар тогтносон Палестин улсын эсрэг байр суурь баримталж ирсэн. Өнгөрсөн сард л гэхэд Палестин улс байгуулагдахаас урьдчилсан сэргийлнэ гэдгээ ил тод илэрхийлж амжсан. Тиймээс түүний энэ удаагийн албан мэдэгдэл олон нийтийг цочирдуулсангүй. Гэвч түүний энэ байр суурь Израилыг барууны холбоотон улсуудаас нь улам бүр холдуулж, харилцаанд нь ан цав үүсгэж байна гэж олон улсын ажиглагчид үзэж байгаа юм.

АНУ Израилаас хоёр улс зэрэгцэн орших тогтолцоог хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаагаас гадна Газа дахь хохирлын хэмжээг багасгахын тулд ямар ч хяналтгүй агаараас цэрэг, иргэн ялгалгүй бөмбөгдөхөө зогсоож, зөвхөн "Хамас" бүлгийн байршил руу төвлөрсөн нарийн тооцоотой довтолгоо хийхийг хүртэл санал болгосон.

Гэсэн ч Биньямин Нетаньяхугийн Засгийн газар энэ саналыг хэрэгжүүлэх эсэх нь эргэлзээтэй, түүгээр зогсохгүй энэ оны цэрэг батлан хамгаалах салбарын төсвийг өндөр тоогоор нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Израилын батлан хамгаалах салбарын 2024 оны төсөв өмнөх оныхоос 14 тэрбумаар нэмэгдэх төлөвтэй байна.

Батлан хамгаалах салбарын хөрөнгө байлдааны нөөцийг бүрдүүлэхэд чиглэхээс гадна чөлөөнд байгаа цэргүүд, цэргүүдийн ар гэрийнхэнд зарцуулагдана гэдгийг Ерөнхий сайд дурджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Биньямин Нетаньяху: Тусгаар тогтносон Палестин улсыг хүлээн зөвшөөрөхгүй   
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй