Японы төвийн бүсэд хүчтэй газар хөдөлж, их хэмжээний хохирол учруулснаас хойш 3 долоо хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд амиа алдсан нийт хүний тоо 232-т хүрсэн. Тэгвэл газар хөдлөлтийн голомт бүсүүдэд хүмүүс түр хоргодох байранд олноор байрлаж байгаагаас даарч хөрөх, улмаар томуу төст өвчний халдвар эрчимтэй нэмэгдэж байгааг албаныхан мэдээлж байна.
Тодруулбал, Ишикава мужид сүүлийн 10 хоногт 100 гаруй хүн уушгины хатгалгаа үүсгэгч коронивирусний халдвар авсан талаар мэдээлж байна. Сүзү хотын түр хоргодох байранд 30 хүн коронивирусний шинжилгээгээр эерэг гарсан бол Важима хотод 12 хүн халдвар авсан байна. Халдвар эрчимтэй тархахад хоол хүнс, усны хэрэгцээ хомс, хүмүүсийн биеийн байдал тааруу байгаа нь нөлөөлж байна гэж Важима хотын удирдах байгууллага тайлбарлаж байна. Мөн тэнгэр муудаж, хүйтний эрч чангарч байгаа нь ч том нөлөө үзүүлж байна гэж албаныхан мэдээлж байна. Энэ долоо хоногт энэ өвлийн хамгийн хүйтэн агаарын урсгал Японы арлуудыг дайран өнгөрөх төлөвтэй байна. Хүйтэн агаарын урсгалын улмаас маргаашаас эхэлж Пүрэв гараг дуустал Японы тэнгисийн эрэг орчмын нутгаар их хэмжээний цас унах төлөвтэй байна. Маргааш гэхэд Нийгита, Хокүрикү мужийн уулархаг нутгуудаар 20-40 см хүртэлх цасан бүрхүүл тогтож, Нийгита мужийн нам дор газруудаар 10-20 см цас унаж, Ишикава мужийн тал газраар 5-10 см цас тогтоно гэсэн урьдчилсан мэдээ байна.
Энэ цас үргэлжлэн орсоор Лхагва гараг гэхэд Нийгита мужийн уулархаг нутгаар 70-100 см-ийн зузаан цас орох төлөв байна. Их хэмжээний цасны улмаас замын хөдөлгөөн хязгаарлагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэх эрсдэлтэй гэж Японы цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Уулархаг нутгуудаар цасан нуранги болох эрсдэлтэй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг мөн зөвлөж байна. Газар хөдлөлтөд өртөж, доргилт авсан барилгууд цасан нурангид дарагдаж, бүрэн нурах эрсдэлийг ч сануулсаар байна. Их хэмжээний хур тунадасны улмаас Ното хойгт хөрсний гулгаа үүсэх эрсдэл их байна. Хүчтэй газар хөдлөлт чичиргээ ерөнхийдөө намжсан ч бага хэмжээний чичиргээ одоо ч явагдсаар байна. Ням гарагийн үдээс хойш 16 цагийн байдлаар газар хөдлөлтийн голомт хавьд 1484 чичиргээ шинэ оны эхний өдрөөс хойш бүртгэгдсэн гэсэн мэдээлэл байна. Ирэх 2-р сарын дунд хүртэл 5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөх эрсдэлтэй гэж анхааруулгын түвшин зарласан хэвээр байгаа юм.
ЯПОН: Газар хөдлөлтөд өртсөн бүсэд томуугийн халдвар нэмэгдэж байна | ||
Үзсэн: 1151 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.