АНУ-д өнгөрсөн долоо хоногт хүйтний эрч эрс чангарч, осгож, хүйтэнд осолдож амиа алдсан хүний тоо 90-д хүрсэн гэж Их Британийн БиБиСи агентлаг сурвалжилсан байна. Үүнээс 25 нь Теннессий, 16 нь Орегон мужид бүртгэгдсэн байна. Энэ хоёр муж улсад одоогоор хүйтний онц байдал зарлаад байгаа юм. Мөн улс даяар хэдэн арван мянган хүн тог цахилгаангүй хэвээр байна. Хүйтний эрч энэ долоо хоногийн дунд хүртэл үргэлжилнэ гэсэн мэдээлэл байна.
Теннессий, Орегон мужуудаас гадна Иллинойс, Пеньсилвани, Миссиссипи, Вашингтон, Кентаки, Висконсин, Нью-Йорк, Нью-жерси, зэрэг мужуудад хүмүүс амь үрэгдсэн гэсэн мэдээлэл байна. Амь үрэгдсэн хүмүүсийн дийлэнх нь осгосон байдалтай ч үүнээс өөр шалтгаанаар амиа алдсан хүмүүс ч байна. Өнгөрсөн Лхагва гарагт Орегон мужийн Портланд хотод хүчтэй шуурганы улмаас цахилгааны шон автомашин дээрээс унаж, дотор нь сууж явсан гурван хүн цахилгаанд цохиулж амиа алдсан осол болжээ. Автомашинд байсан нярай азаар эсэн мэнд үлдсэн байна.
Зам халтиргаа гулгаатай байгаагаас иргэд автомашины ослоор амиа алдах тохиолдол гарсаар байна. Миссиссипи мужид шаардлагагүй бол аян замд автомашинаар гарахгүй байх, явсан тохиолдолд замын халтиргаа гулгааг сайтар тооцож, хурдаа багасган, сонор сэрэмжтэй явахыг анхааруулсан байна. Зарим их сургууль, коллеж хотхонууд өвлийн амралт эхэлсэн ч оюутан сурагчдыг холын замд гэрт нь хариулахгүй байхаар арга хэмжээ авсан байна. Миссиссипи мужид шуурганы улмаас усан хангамж тасалдаж магадгүй гэх цахим сургаар иргэд ус их хэмжээгээр нөөцөлж, улмаар усны даралт буурсан тул энэ мэдээлэл үнэн эсэх талаар мужийн албаныхан шалгаж байна гэж мэдээллээ.
Энэ мужийн нийслэл Жексон хот нь усан хангамж муутайгаараа алдартай юм байна. Теннессий мужид мөн Мемфис орчимд усны шугам хагарснаас 400 мянга орчим оршин суугчийн халуун усны хангамж тасалдсан байна. Зоогийн газар, үйлчилгээний газрууд усны дутагдалтайгаас зарим нь үйл ажиллагаагаа түр зогсоосон гэсэн мэдээлэл ч байна. Энэ долоо хоногийн дундуур хүйтэн агаарын урсгал өнгөрсний дараагаар дулаан агаарын урсгалын нөлөөгөөр их хэмжээний усархаг бороо орж, АНУ-ын умард болон зүүн умард нутгаар үерийн аюул нүүрлэх эрсдэлтэй гэж цаг уурын байгууллагаас анхааруулжээ.
АНУ-д хүйтний эрч чангарч, 90 хүн амь үрэгдэв | ||
Үзсэн: 446 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.