Шууд Chart

Балтын тэнгисийн улсууд ОХУ, Беларусьтай залгаа хилд аюулгүй байдлын дэд бүтэц хамтран байгуулна

2024-01-23 12:52:56

Балтын тэнгисийн Эстони, Латви, Литва улс ОХУ болон Беларустай залгаа хилийн бүсдээ батлан хамгаалах дэд бүтэц хамтран байгуулахаар гэрээ байгууллаа.  Эдгээр улс Украинд дайн хийж байгаа ОХУ-аас аюулгүй байдлаа хамгаалах, тогтоон барих хүчээ зузаатгах бодлогынхоо хүрээнд хамтран ажиллах шийдэлд хүрчээ. Балтын гурван улсын батлан хамгаалахын сайд нарын мэдээлснээр цэргийн хүчийг эсэргүүцэх хамгаалалтын байгууламж барих энэхүү хамтарсан төслийг 2025 оны эхээр эхлүүлэн, харин баригдаж дуусахад нэлээн хэдэн жил шаардагдах юм байна.

Орос Украины дайны эрчийг сулруулах төлөвгүй байгаагийн зэрэгцээ Беларус цөмийн зэвсэг хэрэглэх цэргийн номлол гаргах төлөвлөгөө танилцуулж байгаа үед Балтын гурван улс цэргийн аюул заналхийллийг таслан зогсоох, эсэргүүцэх зорилгоор аюулгүй байдлаа хамтарч хамгаалах шийдэлд хүрч байна.  Эстонийн хэвлэлүүдийн мэдээлснээр Оростой хиллэдэг 600 байршилд их бууны сумны хамгаалалттай бетонон нуувч, хоргодох байр, түгээлтийн шугам гээд нэгдсэн сүлжээ байгуулах юм байна. Энэ хамтын батлан хамгаалах төслийн зардлыг 60 сая евро буюу 65 сая америк доллар байна гэж урьдчилан тооцоолжээ. Эстонийн батлан хамгаалахын сайд Оросын Украинд хийж байгаа дайн бидэнд техник, сум, хүн хүчнээс гадна хилийн бүсэд биет хамгаалалтын байгууламж хэрэгтэйг харуулж байна гэж мэдэгдсэн байна. Энэ хамтын төслийг 2022 онд Испанийн Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр холбоотнууд хилийн аюулгүй байдлыг хангахаар авсан амлалт дээр тулгуурлажээ. Тус уулзалтаар НАТО-гийн гишүүн улсууд дайны цэргийг зогсоох, няцаахын тулд дайралт эхлэхээс өмнө газар нутгаа хамгаалахад бэлэн байх ёстой гэдэг дээр тохирсон юм. Яг энэ зарчмаар Финланд улс 2022 онд Оростой залгаа хилдээ хилийн хаалт барьж эхэлсэн юм. Мөн Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ сарын эхээр айлчлах үеэр Балтын гурван улс Украинд цэргийн тусламжаа үргэлжлүүлэн олгоно гэдгээ амласан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Балтын тэнгисийн улсууд ОХУ, Беларусьтай залгаа хилд аюулгүй байдлын дэд бүтэц хамтран байгуулна  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй