Шууд Chart

Улаан тэнгис дэх хямрал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд сөргөөр нөлөөлж байна

2024-01-23 14:19:57

Өнгөрсөн оны 11-р сард Йемений Хуситууд Израилын эсрэг довтолгоогоо эрчимжүүлснээс хойш Улаан тэнгисийн бүс нутагт үүссэн хямрал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой хохирол учруулж байгаа талаар Данийн зөвлөх компанийн тайлан гарчээ. Ачаа тээвэрлэлтийн хугацаа, зардал өссөний улмаас дэлхийн хэмжээнд нийлүүлэлтийн хүчин чадал мэдэгдэхүйц буурсан гэж шинжээчид үзэж байна.

Йемений зэвсэгт Хусит бүлэглэл өнгөрсөн оны 11-р сарын дундуур Улаан тэнгисээр зорчиж байгаа Израилтай хамаарал бүхий хөлөг онгоцууд руу халдаж, аюул учруулж эхэлснээс хойш тус бүс нутгийн усан замаар зорчиж явсан ачааны олон арван хөлөг онгоц өртсөн. Иймээс өнгөрсөн 12-р сард олон улсын тээврийн компаниуд Улаан тэнгис чиглэлийн далайн тээврээ түр зогсоож, оронд нь Африк тивийн өмнөд хэсгээр тойруу зам сонгож байгаа. Тээврийн замаа өөрчилснөөр ачаа барааны тээвэрлэлтийн зардал өсөхөөс гадна хугацаа нь 7 хоногоор сунгагдаж, олон улсын ложистикт бөөгнөрөл үүсгэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Далайн тээврийн судалгааны байгууллагын мэдээлснээр өнгөрсөн 12-р сарын байдлаар Улаан тэнгисийн далайн тээврийн урсгал жилийн дундаж түвшинтэй харьцуулахад 57 хувиар буурч, 2020 оны 3-р сард буюу ковид-19 цар тахлын эхэн үед 47 хувиар буурсан үзүүлэлтээс давсан дүнтэй байна.

Энэ нь далайн тээврийн түүхэн дэх хоёр дахь том уналт гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Улаан тэнгис дэх худалдааны онгоцууд руу ойр ойрхон халдаж байгаагаас дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой нөлөө үзүүлж, цар тахлын эхэн үеийн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд үзүүлсэн нөлөөллийг давсан гэж дээрх байгууллагын тайланд дурджээ.  Ачааны хөлөг онгоцууд Суэцийн сувгаар дамжин улаан тэнгис рүү нэвтэрч чадахгүй болсноор далайн тээврийн зардал болон хугацаа хоёр дахин өссөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улаан тэнгис дэх хямрал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд сөргөөр нөлөөлж байна  
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй