Шууд Chart

Чили улсад гарсан ой хээрийн түймрийн улмаас 99 хүн амь үрэгдэв

2024-02-05 15:32:04

Өмнөд Америкийн Чили улсын төвийн нутгаар өнгөрсөн долоо хоногоос эхлэн ой хээрийн түймэр дэгдсэн. Түймэрт өртөж амиа алдсан хүний тоо одоогоор 99-д хүрсэн гэж тус улсын удирдлагууд мэдээлж байна. Мөн хэдэн зуун хүн сураггүй болсон, цаашид хохирлын хэмжээ улам нэмэгдэх эрсдэлтэй байна гэж мэдэгдэж байна. Чили улсын ерөнхийлөгч Габриэль Борич тус улсад маш хүнд гарз тохиож байна гэж олон нийтэд хандан илэрхийллээ.

Ой хээрийн түймэр Вина Дель Мар, Вальпараисо гэх эргийн хоёр том хотод тулж ирээд байна. Энэ хоёр хот нь жуулчдын зорин очдог Чилийн хамгийн том хотууд юм. Нийслэл Сантиаго хотоос баруун зүгт оршдог энэ хотуудад нэг саяас олон оршин суугч байгаа, тэд бүгд түймэрт өртөж эрсдэлтэй гэж онц байдал зарлаад байна. Вина Дель Мар хотын орчимд гэхэд хүн амын суурьшлын бүс аль хэдийн түймэрт автаж, оршин суугчид шатсан барилга дотроос гарахаас зүтгэж байгаа дүр зураг олон улсын хэвлэлүүдийн дроны дуранд өртжээ. Гудамж талбайгаар галт шатсан машинууд хөглөрч байна. Чилийн эрх баригчид түймэрт хамгийн их өртөж байгаа газрууд руу гал коммандынхныг явуулж, мөн цэргийн нэмэлт хүч илгээгээд байна. Дүрэлзсэн галыг унтраахаар нисдэг тэргээр ус цутгасаар байна. Одоогоор амиа алдсан 99 хүний 32-ыг нь хэн гэдгийг тодорхойлсон гэж Чилийн шүүх эмнэлгээс мэдээлж байна. Ерөнхийлөгч Борич өнөөдрөөс эхэлж хоёр өдрийн турш гашуудлын өдөр зарлалаа.

Цаашид ч муу мэдээ нэмэгдэх тул эрх баригчид, ард иргэд бүгд бэлтгэлтэй байхыг сануулсаар байна. Түймэрт одоогоор 1000 гаруй байшин барилга өртөж шатсан байна. Өнгөрөгч Бямба гарагийн байдлаар улс даяар 90 өөр газар түймэр асаж байсан гэсэн мэдээлэл байна. Бөмбөрцгийн өмнөд хагаст ой хээрийн түймэр гарах нь тийм ч ховор үзэгдэл биш ч энэ удаагийнх шиг олон хүний аминд хүрсэн түймэр анх удаа гарч байна удирдлагууд хэлж байна. Энэ улсад 2010 онд газар хөдлөлтийн улмаас 500 хүн амиа алдсанаас хойших хамгийн том хохирол болж байна гэж мөн дурдлаа. Ерөнхийлөгч Борич түймэрт хамгийн их өртсөн газруудад туслах, сэргээн босгохоор сан байгуулна гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чили улсад гарсан ой хээрийн түймрийн улмаас 99 хүн амь үрэгдэв  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй