Израилын батлан хамгаалах арми өчигдөр Газын зурваст идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том эмнэлэг болох өмнөд бүсийн Хан Юунис хотын "Нассер" эмнэлэг рүү довтолсноо хүлээн зөвшөөрч, мэдэгдэл гаргалаа.
Тэд "Нассер" эмнэлэгт үүрлэж байж болзошгүй "Хамас" бүлгийнхнийг устгах, барьцааны иргэдийг суллах зорилгоор энэ дайралтаа явуулсан гэж тайлбарлаж байна.
Мөн "Нассер" эмнэлэг рүү явуулсан довтолгоо маш нарийн, аль болох энгийн иргэдийг хохироохгүй байх талаас анхаарч төлөвлөсөн довтолгоо гэж мэдээлж байна.
Харин "Хамас" бүлгийн зүгээс энэ эмнэлэгт бүлгийн гишүүд үүрлэж байсан гэх мэдээлэл худлаа гэж хариу мэдэгдэл гаргажээ.
Газын зурвасын Хан Юунис хот нь дайн эхлэхэд палестинчуудын дүрвэн очсон аюулгүйн бүс байсан ч он гарсаар Израилын батлан хамгаалах арми Хан Юунис руу эрчимтэй довтолсоор байгаа. Энэ удаад олон өвчтөнтэй, олон ажилтантай хамгийн том эмнэлэг болох "Нассер" эмнэлэг рүү халдан довтолсон байна. "Хамас" бүлгийн мэдээлж байгаагаар Израилын цэргүүд эмнэлэгт нэвтэрч, тэндэхийн ажилчид, өвчтөн, түр орогнож байгаа хүмүүс, эмнэлгийн ажилчдын ар гэрийнхнийг албадан гаргаж байсан байна.
Тус эмнэлэг болон ойр орчимд байсан 2000 орчим палестин өмнөд хилийн Рафах боомт руу шөнийн дотор дүрвэсэн бол зарим нь умард зүгт Газын зурвасын төвийн бүсэд байрлалтай Дэйр Аль Балах хот руу дүрвэсэн гэсэн мэдээлэл байна. Израилын талаас энэ ажиллагаагаа тайлбарласан мэдэгдэл гаргалаа.
Израилын батлан хамгаалах армийн Хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари "Бидний цуглуулсан мэдээллийн дагуу "Нассер" эмнэлэгт аравдугаар сарын 7-ны хядлагыг үйлдсэн алан хядагчид үүрлэж байсан тул тэднийг устгахаар тус эмнэлэг рүү довтолсон. Бидний даалгавар бол алан хядагчдыг устгахаас гадна барьцааны иргэдийг хайж олох юм. Нэг зүйлийг сануулахад "Хамас" бүлэг энэ дайныг өдөөгөөгүй бол бид эмнэлэг рүү дайрахгүй байсан. "Хамас" дайн эхлүүлсэн. Израил дайныг дуусгах болно" гэжээ.
Израилын батлан хамгаалах армийн мэдэгдэлд цаашлан өчигдрийн ажиллагааны явцад баригдсан гурван "Хамас" бүлгийн гишүүн байгаа гэж мэдэгдсэн. Нэг нь аравдугаар сарын 7-ны хядлагад оролцсон "Хамас" бүлгийн гишүүн, түргэний тэрэгний жолооч Маеид Назира гэгч байсан нь өөрөө барьцааны иргэдийг түргэний тэргээр зөөвөрлөхөд оролцсон гэдгээ хүлээсэн гэж Израилын тал мэдээлж байна.
Бусад хоёр нь ч бас "Хамас" бүлгийн ажиллагаанд оролцсон гэдгээ хүлээсэн гэсэн мэдээллийг өглөө. Түүнээс гадна Израилын батлан хамгаалах арми Газын зурвас руу давшихтай зэрэгцэн улсынхаа умард хил дээр Ливан дахь зэвсэгт "Хезболла" бүлэгтэй дайтахад бэлдэж, хамгаалалт, зэвсэгт хүчний бэлтгэлээ базааж байгаа гэх мэдээллийг Даниел Хагари өглөө.
Газын зурвас дахь ажиллагааныхаа тухайд Израил улс Газын зурваст энхийг сахиулж байна гэж нэрлэж байгаа юм. Тиймдээ ч энэ бүсийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, "Хамас" бүлгээс чөлөөлснийхөө дараа өмнөд рүү дүрвэсэн иргэдийг буцаад гэр орондоо харих орчин нөхцөлийг бүрдүүлж өгнө гэж амлаад байгаа юм.
Дайн эхлэхээс өмнө ч хүн ам шигүү суурьшдаг байсан Газын зурвас дахь 2 сая гаруй хүн амын 90 орчим хувь нь өмнөд хэсгийн Рафах, Хан Юунис хотууд руу дүрвэсэн.
Рафахад гэхэд 1 сая 400 мянган хүн чихэлдсэн байдалтай байгаа. Рафах хотын газар нутгийн хэмжээ Улаанбаатар хотоос дөрөв дахин жижиг хэмжээтэй. Хүн амын төвлөрөл, даац аль хэдийн хэтэрсэн гэдгийг мэдээлж байна. Түүнээс гадна Израилын довтолгооны улмаас энэ бүсэд амиа алдсан нийт хүний тоо 28 мянга 600 давсан гэсэн мэдээлэл байна.
Израил улс Газын зурвасын идэвхтэй ажиллаж байгаа хамгийн том эмнэлэгт довтлов | ||
Үзсэн: 577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.