Газын зурваст дайн эхлээд таван сар гаруйн хугацаанд гэм зэмгүй 28 мянган иргэн амь үрэгдсэнээс гадна эмнэлэг, сайн дурын ажилчид, мөн нөхцөл байдлыг газар дээрээс нь шуурхай сурвалжлан хүргэж байгаа сурвалжлагч, сэтгүүлч нар олноор амиа алдсаар байна.
"Олон улсын сэтгүүлчдийг хамгаалах хороо" нэртэй төрийн бус байгууллагын гаргасан тооцоогоор Газын зурваст өнгөрсөн таван сарын хугацаанд амиа алдсан сэтгүүлч сурвалжлагчийн тоо бүх цаг үед дайн мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоог аль хэдийн давжээ.
Өнгөрсөн 2023 онд дэлхий даяар нийт 99 сурвалжлагч дайн мөргөлдөөнийг сурвалжилж яваад амиа алдсан гэсэн тоо баримт байна.
Энэ тоо нь нийт 19 улсыг хамарсан тоо боловч 99 сэтгүүлчээс 72 нь Газын зурваст амь үрэгджээ.
Бүр нарийвчилбал, Газын зурваст аравдугаар сарын 7-ны өдөр дайн эхлээд эхний гуравхан сарын дотор амиа алдсан сэтгүүлчийн тоо өөр бусад оронд бүтэн жилийн турш дайн мөргөлдөөнийг сурвалжилж амиа алдсан сэтгүүлчийн тооноос давсан гэсэн мэдээлэл байна.
Сэтгүүлчдийг хамгаалах олон улсын төрийн бус байгууллагын дарга “Сэтгүүлчид Газын зурваст дайны тэргүүн шугамд гэрч болон ажиллаж байна” гэж дурджээ.
Түүнчлэн олон улсын сурвалжлагчдаас гадна Палестины орон нутгийн агентлагийн сурвалжлагчид олноор амиа алдаж байгаа нь урт хугацаандаа Палестины сэтгүүлзүйд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй энэ бүс нутгийн сэтгүүлзүйн салбарт нөхөж баршгүй гарз хохирол учруулж байна гэж хэлсэн байна.
Газын зурваст болж байгаа дайн дэд бүтцийн хувьд маш их хохиролтой өрнөж байгаагаас сэтгүүлчид нэн чухал байршлуудаас мэдээлэл дамжуулах боломж хязгаарлагдмал, дайны голомтод очсон тохиолдолд амь нас, аюулгүй байдлыг нь хамгаалах баталгаа огт байхгүй, дайны хохирол цар хүрээг тодорхойлох боломжгүй нөхцөлд ажиллаж байна гэдгийг мөн тус байгууллага судалж тайлбарлаж байна.
Тус байгууллагын үзэж байгаагаар, Израилын арми Палестины сурвалжлагчдыг онцгойлон онилж, довтолгоо явуулж байна гэсэн хардлага буй юм байна. Тиймээс Израилын батлан хамгаалах армийн бай болж байгаа сурвалжлагчдын амь насаа алдаж байгаа явдлыг эрэн сурвалжилж, мөрдөн шалгах нэн шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Тэгвэл энэ үзэгдлийн яг эсрэгээр Газын зурвасаас бусад дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа дайн мөргөлдөөнийг сурвалжилж яваад амь насаараа хохирох сэтгүүлчийн тоо жил ирэх тусам буурч байгаа гэсэн судалгаа байна.
Гэхдээ одоо ч сэтгүүлч сурвалжлагчдад аюултай гэж тооцогдож байгаа орнуудад Мексик, Сомали, Филиппин улс багтаж байна гэж онцолжээ.
Энэ тооцоог зөвхөн сэтгүүлч амь насаараа хохирч байгаа жишээн дээрээс гарган дүгнэж байгаа юм. Сэтгүүлч, сурвалжлагч руу халдсан ч амь насаараа хохироогүй халдлагын тохиолдлууд, баригдаж хоригдсон сэтгүүлч, сурвалжлагчийн тоо одоо ч дэлхий дахинд өндөр байгаа гэсэн мэдээлэл байна.
Газын зурваст амь үрэгдсэн сурвалжлагчийн тоо жил тутмын дээд үзүүлэлтэд хүрчээ | ||
Үзсэн: 509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.