Европын Холбооны эдийн засаг 2024 оныг суларсан байдалтай эхлүүлж байна.
Европын Холбооны гүйцэтгэх дээд байгууллага болох Европын Комиссоос Европын Холбооны эдийн засгийн өсөлтийн хүлээлтийг 0.9 хувь болгож, харин евро бүсийн эдийн засгийн өсөлтийн хүлээлтийг 0.8 хувь болгож буурууллаа.
Хэдийгээр энэ бүс нутгийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа ч сүүлийн жилүүдэд хөөрөгдөөд байсан инфляцын түвшин урьд хүлээж байснаас илүү буурах хандлагатай байгаа юм байна.
Европын Холбооны хувьд эдийн засгийн зарим бэрхшээлүүд байсаар байна гэж эдийн засагчид үзэж байна.
2023 оны төгсгөлд Европын Холбоо эдийн засгийн уналтаас аажим гарахаар ажилласан ч 2024 оны хувьд эдийн засгийн хүлээлтээ бууруулж, хүч муутайхан эхлүүлж байна гэж олон улсын шинжээчид Европын Комиссын гаргасан өвлийн эдийн засгийн төлвийн мэдээлэл дээр тулгуурлаж дүгнэж байна.
Өмнөх хүлээлтээр 2024 оны эдийн засгийн өсөлтийн хүлээлт 1.3 хувь байсан бол ийнхүү 0.9 болон буурч байна. Евро бүсийнхийг мөн 1.2 хувь гэж хүлээж байсан ч 0.8 хувь болгон бууруулсан байна.
Гэхдээ Европын Комиссын үзэж байгаагаар 2024 оны хоёрдугаар хагаст эдийн засаг аажим сэргэнэ гэсэн хүлээлт байна.
Эдийн засаг аажим сэргэхэд инфляцыг хөөргөдүүлэх хүчин зүйлүүдийг дарсан, дундаж цалингийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа, мөн хөдөлмөрийн зах зээлийг дэмжиж тэлэх тул дагаад иргэдийн эрэлт, зарцуулалт нэмэгдэж, эдийн засаг аяндаа өснө гэж таамаглаж байгаа юм.
Европын Комиссын намрын тайланд дурдсан эдийн засгийн 1.7 хувийн өсөлтөд 2025 онд хүрнэ гэсэн төсөөлөл байна. Харин евро бүсийн тухайд намрын тайлангаар 1.6 хувь гэж хүлээж байсан ч 2025 онд энэ хүлээлтдээ хараахан хүрэхгүй, 1.5 хувийн өсөлттэй байна гэж тооцоолж байгаа юм байна.
Инфляц Европын Холбооны нутаг дэвсгэр дээр 2023 онд 6.3 хувь байсан бол 2024 онд 3 хувь, 2025 онд 2.5 хувь болно гэсэн хүлээлт байна.
Евро бүс ч ялгаагүй, буурах төлөвтэй, 2023 онд 5.4 хувь байсан инфляц 2024 онд 2.7, 2025 онд 2.2 хувь болно гэсэн хүлээлт байна.
Хөрөнгө оруулалтын салбар эрчимтэй өсөх төлөвтэй байна. Өнгөрсөн онд хангалтгүй дүнтэй байсан гадаад худалдаа энэ оны хоёрдугаар хагаст гадны түншүүдтэй худалдааны сайн харилцаатай байж чадвал хэвийн түвшинд очно гэж үзэж байна.
Харин энэ онд эдийн засагт учирч болох эрсдлүүдэд эрчим хүчний салбар, геополитикийн асуудлууд, Ойрх Дорнод дахь мөргөлдөөнт нөхцөл байдлын улмаас Улаан тэнгис дэх худалдаа эргэлт удаашрах гэсэн асуудлууд оршсоор байна.
2024 оны эхний хагаст эдийн засаг удаашралтай байхад нөлөөлж байгаа голлох улс болох Герман улсын эдийн засгийн хүлээлт 0.3 хувьтай байгаа юм байна. Гэхдээ 2025 онд тогтмол өсөж, 1.2 хувьд хүрнэ гэж тооцоолж байна.
Европын Холбооны эдийн засгийн өсөлтийн төлөвийг доошлуулав | ||
Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.