Шууд Chart

АНУ: 2024 онд газрын тосны үйлдвэрлэлээр ОПЕК+ бүлгийн гишүүн бус орнууд тэргүүлнэ

2024-03-16 11:10:06

Сүүлийн хагас зуун жил дэлхийн газрын тосны нийт нийлүүлэлтийн дийлэнх хэсгийг ОПЕК болон түнш орнууд нь хангаж ирсэн.

Тиймдээ ч ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудыг дэлхий нийтээр газрын тос үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнууд гэж нэрлэдэг.

Тэгвэл 2024 онд газрын тосны үйлдвэрлэлээр ОПЕК болон түүний түнш орнууд биш, тус бүлэгт хамаардаггүй дэлхийн бусад орнууд тэргүүлнэ гэсэн урьдчилсан төлөв байдлыг АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг гаргасан байна.

Энэ онд газрын тос үйлдвэрлэлээр АНУ, Гуяана, Канад, Бразил улс тэргүүлэх төлөвтэй байна. Шалтгаан нь энэ сард ОПЕК болон түнш орнууд нь нэг өдөрт нийлүүлдэг газрын тосоо үргэлжлүүлэн танана гэсэн шийдвэртэй холбоотой юм. ОПЕК 2024 ондоо үргэлжлүүлэн өдөрт нийлүүлдэг газрын тосоос 2 сая баррель түүхий нефть танана гэж мэдэгдсэн. Ойрх Дорнодын бүс нутгийн нөхцөл байдал, геополитикийн асуудал хурцадмал байгаа, мөн газрын тосны тээвэр зөрөн өнгөрдөг Улаан тэнгис алан хядагч бүлэглэлүүдийн халдлагад тогтмол өртөж байгаа болоод эдийн засгийн өөр бусад шалтгаанаар ОПЕК-ийн орнууд ийм шийдвэр гаргаад байгаа юм.

Газрын тосны нийлүүлэлтээ танаснаар ОПЕК-ийн газрын тосны эрэлт эргээд огцом нэмэгдэнэ гэж тэд харж байгаа. Гэхдээ олон улсын эдийн засагчид ОПЕК-ийн газрын тосны эрэлт тэдний санасан шиг их хэмжээгээр өсөхгүй болов уу гэж таамаглаж байна.

ОПЕК-ийн харьялал, түншлэлд багтдаггүй дэлхийн бусад орны газрын тосны үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж байгаа нь ингэж таамаглахад хүргэж байгаа юм.

АНУ, Канад, Бразил, Гуяана улсууд л гэхэд дэлхийн газрын тосны нэмэгдсэн нийлүүлэлтийн 80 хувийг хангаж байна гэсэн тоо баримтыг АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг өгчээ.

Цаашлаад, 2024 онд ОПЕК-ийн гишүүн орнуудын шингэн түлшний нийлүүлэлт өдөрт дунджаар 1 сая баррелиар багасах бол ОПЕК-ийн харьяалалгүй орны газрын тосны нийлүүлэлт өдөрт 1.4 сая баррелиар өсөх төлөвтэй байна.

ОПЕК-ийн газрын тосны нийлүүлэлтээ танах шийдвэр 2025 онд дуусгавар болно. Ингэснээр 2025 оноос эхэлж ОПЕК-ийн нийлүүлэлт өдөрт дунджаар 900 мянган баррелиар өсөх төлөвтэй байгаа бол яг тэр үед зэрэгцээд ОПЕК-ийн гишүүн биш орнуудын нийлүүлэлт 1.1 сая баррелиар өссөөр байна гэсэн төлөв байна.

Дэлхийн нийт газрын тос, шингэн түлшний нийлүүлэлт 2023 онд өдөрт 101.8 сая баррель байсан. 2024 онд өдөрт 400 мянган баррелиар өснө гэсэн тооцоолол байна.

Харин 2025 онд өдөрт 2 сая баррелиар өснө гэсэн төлөв гарчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: 2024 онд газрын тосны үйлдвэрлэлээр ОПЕК+ бүлгийн гишүүн бус орнууд тэргүүлнэ   
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй