Шууд Chart

Украин улс цэргийн албанд татах насыг доошлуулав

2024-04-04 15:32:07

Хоёр жил гаруйн хугацаанд ОХУ-тай дайтаж байгаа Украин улс цэргийн нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор цэрэг татлагын насны доод хязгаарыг 27-гоос 25 болгож доошлуулж байгаагаа мэдэгдлээ.

Дайтагч хоёр тал өнгөрсөн хугацаанд аль, аль нь хүн хүчний нөөцөө ихээхэн алдаж, хохирол ихээхэн амссан. Гэхдээ ОХУ-ын хувьд хүнээр ч, цэрэг зэвсгийн хэмжээгээр ч нөөц ихтэй нь давуу тал болж байна. Тиймээс Украин улс цэргээ нөөцөө сэлбэх зорилгоор цэргийн насны доод хэмжээг улам бууруулах шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч Володимир Зеленский гарын үсэг зурж баталсан байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украинд дахиад 500 мянган цэргийн нэмэлт хүч хэрэгтэй гэдгийг хэлж байсан.

Гэхдээ хамгийн сүүлийн үеийн байдлаар цэрэг, зэвсгийн нөөц боломжоо дахин шалгаж үзэхэд дахиж шинээр нэмж татах шаардлагатай цэргийн хэмжээ 500 мянгаас бага гэдгийг Украины томоохон цэргийн генерал мэдэгджээ.

Цэрэг татлагын насыг доошлуулах хуулийн төслийг Украины парламент өнгөрсөн 2023 оны тавдугаар сард баталж байсан ч Ерөнхийлөгч Володимир Зеленский гарын үсэг зурж эцэслэн батлаагүй байсан тул хүчин төгөлдөр болоогүй байсан юм.

Володимир Зеленский урьд нь ОХУ-ыг энэ хавар юм уу, зун томоохон довтолгоо хийж магадгүй гэж сэрэмжилж байсан ч цэргийн насыг доошлуулах хуульд гарын үсэг зурж, нэмэлт цэргийн хүчийг тодорхойлох эсэх нь энэ долоо хоногийг хүртэл тодорхойгүй байсан юм.

Харин энэ Лхагва гарагийн байдлаар Володимир Зеленский ОХУ-ыг ирэх зургаадугаар сард 300 мянган нэмэлт цэргийн хүч татах магадлалтай гэж тодорхойлсон байна.

ОХУ-ын зүгээс Володимир Зеленскийн таамаг дээр ямар нэг нэмэлт мэдэгдэл гаргаагүй байна.

Украин улс одоо ОХУ-ын булаан эзэлсэн Украины нутгуудыг эгүүлэн авах, 2014 онд ОХУ-ын хууль бусаар булаан нэгтгэсэн Крымын хойг дахь ОХУ-ын нийлүүлэлт дэмжлэгийг таслан зогсоох сонирхлоор ОХУ-тай дайтаж байгаа гэж олон улсын ажиглагчид тодорхойлж байна.

Гэвч цэрэг, зэвсгийн асар их нөөцтэй ОХУ-тай харьцуулахад Украины цэргийн хүч энэ өвөл эхлэхэд л нэлээд хүч тарамдаад байсан юм.

Агаарын орон зайд ч илт илүүрхэж байгаа ОХУ Украиныг буулган авах вий гэсэн айдас Европ даяар үүсээд байна.

Украин одоо барууны цэрэг зэвсгийн тусламжаас ихээхэн хамааралтай байгааг олон улсын агентлагууд дурджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украин улс цэргийн албанд татах насыг доошлуулав  
Үзсэн: 529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй