Өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Умард Атлантын гэрээний байгууллага НАТО байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна.
Энэ ойн баярыг тохиолдуулж тус байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар уулзаж, Украин улсад цэргийн тусламж үзүүлэх зэрэг тэргүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ өрнүүлж байна.
Тэдний уулзалт өнөөдөр хоёр дахь өдрөө Бельгийн нийслэл Брюссель хотноо үргэлжилж байгаа юм.
Дэлхий ертөнц улам бүр аюултай болж байгаа энэ цаг үед Европ болон Умард Америкийн хоорондох харилцаа хэзээ ч байгаагүйгээрээ нягт уялдаатай, чухал болж байна гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг тодорхойлсон байна.
НАТО 1949 оны энэ өдөр Умард Америк болон Европын 12 улсын удирдагчид гарын үсэг зурж баталгаажуулснаар түүх нь эхэлж байсан.
Гишүүн орнуудаа гуравдагч хүчнээс батлан хамгаалах үндсэн гол зорилготой энэ байгууллагын хувьд аль нэг гишүүн орон руу нь халдана гэдэг тус байгууллага руу халдсан гэсэн үг гэж үздэг.
Анх ЗХУ-ын болзошгүй аюулаас сэргийлж байгуулагдсан энэ эвсэл өнөөдөр 75 жилийн дараа Орос-Украины дайнаас улбаатай батлан хамгаалах хүч, зорилгоо дахин тодорхойлоход хүргэж байна гэж олон улсын агентлагууд бичжээ.
Харин ОХУ-ын зүгээс НАТО-г "Хүйтэн дайны үеийн сэтгэлгээ рүүгээ эргээд оржээ" гэж тодорхойлсон байна.
Оросын Гадаад хэргийн яам НАТО-г дэлхийд олон туйлт систем тогтоох сонирхолгүй, АНУ-аар удирдуулсан систем байгуулах сонирхолтой гэж мэдэгджээ.
НАТО-гийн хувьд харин одоо үргэлжилж байгаа дайны хугацаанд Украиныг ямагт дэмжиж туслахаа амласан байна.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украинд ирэх таван жилийн хугацаанд 100 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэх санал дэвшүүлсэн байна.
Өнөөдөр мөн НАТО-гийн гишүүн орнуудын сайд нар Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай уулзана.
Дмитрий Кулеба НАТО-гийн сайд нараас улсад нь ОХУ-ын пуужингийн байнгын довтолгоог эсэргүүцэх систем нийлүүлэхийг хүснэ гэдгээ мэдэгдсэн байна.
НАТО байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулж Гадаад хэргийн сайд нар уулзаж байна | ||
Үзсэн: 560 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.