Шууд Chart

Уулын цаначид слалом төрөлд өрсөлдөнө

2025-02-09 10:37:30

Азийн өвлийн спортын 9-р наадмын нээлтийн ёслол баасан гарагийн орой болсон бол өчигдөр 15 багц медалийн эзэд тодорлоо. Монгол Улсаас шорт трекийн эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд ОУХМ Б.Гэрэлтуяа хагас шигшээ уралдаанд 2:58.964 секундын амжилтыг үзүүлж тэмцээнээ өндөрлүүллээ. Манай улсын тамирчны хувьд өнөөдөр 1000 метрийн зайн уралдаанд оролцох юм. Б.Гэрэлтуяа шорт трекийн төрөлд Азийн өвлийн наадамд хагас шигшээ гараанд шалгарсан Монгол Улсын анхны тамирчин болсон билээ.

“Харбин 2025” наадмын уулын цанын тэмцээн Ябули хотод эхний өдрөө үргэлжиллээ.

Уулын цанын төрөлд Монгол улсаас дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор нийт 8 тамирчин оролцож байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн слалом буюу туг сүлжих төрлийн тэмцээн болж, Японы тамирчин Чисаки Майда алтан медаль хүртсэн байна. Харин манай улсын тамирчин А.Сондорбаяр 27, М.Инжин 29, А.Итгэл 31, Х.Халиун 33 дугаар байр эзэлсэн байна. Энэ төрөлд 45 тамирчин оролцлоо. Өнөөдөр манай улсаас эрэгтэй уулын цаначид слалом төрөлд өрсөлдөнө.

Наадмын хоёр дахь өдөр гүйлтийн цанын тэмцээн Ябули цанын баазад эхэллээ.

Өчигдөр спринт буюу ойрын зайн медальтнууд тодорсон юм. Эмэгтэй тамирчдаас БНХАУ-ын тамирчин Ван Чиан түрүүлсэн болсон Казахстаны цаначин Константин Борцов мөнгө, Хятадын тамирчин Салике Саймухаер хүрэл медаль хүртсэн байна. Манай улсаас энэ төрөлд 4 тамирчин оролцож, ОУХМ Т.Ариунболд, Э.Ариунтунгалаг нар хагас шигшээд шалгарсан амжилтыг үзүүллээ.

Харин эрэгтэй тамирчдаас ОУХМ Б.Ачбадрах, А.Хүслэн, Д.Мөнхгэрэл, О.Золбаяр нар эхний төрөлдөө оролцлоо. Өнөөдөр Азийн өвлийн спортын наадмын 13 багц медалийн эзэд тодорно. 

Эх сурвалж: МҮОХ


Уулын цаначид слалом төрөлд өрсөлдөнө  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй