
Эбола вируст халдвараар дахин нэг эмнэлгийн ажилтан өвчилсөн байж болзошгүй тохиолдол бүртгэгдлээ6 2014 оны аравдугаар сарын 8-ны өдрийн байдлаар дэлхийн 8 оронд 8399 хүн Эбола вирусийн халдвараар өвчилж, 4033 (48%) хүн нас барсан байна. Үүнээс 416 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн бөгөөд 233 нь нас баржээ. Энэ нь нийт өвчлөгсдийн дунд 4.9 хувийг эзэлж байна.
ДЭМБ-аас АНУ-д эбола вирусээр өвчилсөн хүн нас барсан тухай албан ёсоор мэдээлсэн байна. АНУ-ын Техас мужийн эмнэлэгт Эбола вируст халдвараар эмчлэгдэж байгаад нас барсан өвчтөнд эрүүл мэндийн тусламж үзүүлж байсан эмнэлгийн ажилтанд тус вирусийн шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөний оношийг баталгаажуулах шинжилгээг АНУ-ын Атланта дахь Өвчний хяналт сэргийлэлтийн төв /ӨХСТ/-д хийгдэж байна. Өвчтөнд өнгөрөгч Баасан гарагийн /2014.10.10/ орой бага зэрэг халуурах шинж тэмдэг илэрчээ.
Эбола вируст халдвар дэлхий дахины анхаарлыг татаж, аль ч улс оронд хэдийд ч тархах магадлалтай болсон тул иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
Үүнд:
- Эбола вируст халдвар бүртгэгдэж байгаа Баруун Африкийн улс орнууд, Испани, АНУ-д зайлшгүй шаардлагагүй бол зорчихгүй байх,
- Эбола вируст халдвараар өвчилсөн хүнээс ялгарч буй биеийн бүхий л шингэн халдвартай тул аль болох төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнтэй харьцахгүй байх,
- Гадаадын улс орнуудад зорчиж ирснээс хойш халуурах, ядрах, толгой өвдөх, биеэр цусархаг тууралт гарах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд яаралтай хандах,
- Таньтай ойр дээр дурьдсантай төстэй шинж тэмдэг бүхий хүн байвал яаралтай ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд хандаж мэдээлэх,
- Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөрсдийн хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэж, эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангаж ажиллах,
- Эбола вируст халдварын талаарх сургалтад хамрагдаж, өвчний өнөөгийн байдлын талаар мэдээллийг Эрүүл мэндийн яамны www.moh.mn болон ДЭМБ-ын www.who.int цахим хуудаснаас авч байх,
- Иргэн хүн бүр сонор, сэрэмжээ дээшлүүлэхийг сэрэмжлүүлж байна.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв
АНУ-д эбола вирусээр өвчилсөн хүн нас баржээ | ||
Үзсэн: 1550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.