Шууд Chart

Хэцүү цагт, хэцүү шийдлийн өмнө ардчиллын хамтран зүтгэгчид нэгдэж чаддаг

2015-07-29 18:14:25

Өнөөдөр Монгол Улсын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ой тохиож, энэ өдөрт зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралдаан "Шангри Ла" зочид буудалд болж өндөрлөлөө. Тавь гаруй орны зочид төлөөлөгч болоод Ардын хурлын анхны депутатууд, ардчиллын төлөөллүүдийн цугласан хүндэтгэлийн хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж үг хэлсэн юм. Тэрбээр өөрсдийн бүрэн эрхээ эдэлж, ардчилсан сонголтоо хийж, ардчиллаа өдий дайтай авч яваа Монголын ард түмэндээ гүн талархал илэрхийлээд  “Монголын хөгжлийн философийг Монгол хүн бүрэн эрхтэй, айл өрх бүр өөрсдийгөө аваад явчих чадалтай байхыг хэлнэ гэж би бодож байна. Тиймээс ардчиллын хөгжил дэвшил зөвхөн биднээс шалтгаална. Монголын ардчилалд хүндрэл, бэрхшээлтэй сорилт олон байсан. Цаашид ч тохиолдох нь гарцаагүй. Гэхдээ хэцүү цагт, хэцүү шийдлийн өмнө ардчиллын хамтран зүтгэгчид нэгдэж чаддаг юм гэдгийг өнгөрсөн 25 жилийн түүх харуулсан учраас тийм цаг үеийг ч даван гарч чадах болно” хэмээн онцолсон юм.

Түүний дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  нар үг хэллээ. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Мьянмарын ардчилсан хөдөлгөөний удирдагч Ан Сан Су Чи тэргүүтэй тэргүүнүүд ч Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд баярын мэндчилгээ илгээсэн байсан юм. 

Энэ өдрийн хүндэтгэлийн хурлын үеэр Ардчилсан сонгуулийн үйл явцын талаарх гэрэл зургийн үзэсгэлэн гарсан нь дотоод, гадаадын төлөөлөгчдийн сонирхлыг ихээр татаж байсан. Зарим төлөөлөгч 25 жилийн өмнөх өөрсдийн зургийн өмнө зогсон, тухайн үеийн үйл явцын талаар ярилцаж байлаа.

Х.Баянмөнх: Хуулийг дээд зэргээр биелүүлж байж ардчилал хөгждөг

Өнөөдрийн олон улсын хүндэтгэлийн хуралдаанд оролцохоор  ирсэн хүндэт зочин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 1990 онд Ардын их хурлын депутатаар сонгогдон, Үндсэн хуулийг батлалцаж явсан Х.Баянмөнх аваргатай цөөн хором ярилцсан юм. Төрсөн нутгийнхаа ойн баяр наадамд оролцоод өчигдөрхөн ирлээ гэсээр бидний яриа эхэллээ. 

-Танд Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн мэнд хүргэе. Таны хувьд анхны ардчилсан сонгуульд оролцож, Үндсэн хуулийг батлалцаж явсан хүний нэг. Дархан аварга байхдаа Ардын их хурлын депутат болж байсан гэдэг?
-Тийм ээ. Дархан аварга байхдаа Увс аймгийн Хяргас сумаас Их хурлын депутатаар сонгогдож байлаа. Түүнээс өмнө 1972 онд Улаанбаатар хотын 100 дахь тойргоос ганцаараа нэр дэвшээд депутат болж байсан. Харин дараа нь буюу 1990 онд нутгаасаа хамтдаа тоглож өссөн найз, Улсын сайн малчин н.Цэдэвтэй өрсөлдөж 86 хувийн санал авч депутат болж байлаа. Тухайн үед депутатаар сонгогдсон хүмүүсийн хийсэн хамгийн том ажил бол Үндсэн хууль батлалцсан явдал юм. Бид АИХ-д хоёр жил ажиллаж, Үндсэн хууль батлалцчихаад л ардчилсан сонгуулиа хийгээд сайн дураараа тарчихсан. Тэр үеийн төлөөлөгчид хувийн үзлээрээ бус жинхэнэ чин үнэнээсээ ажиллаж байсан юм шүү. Тэгээд л өөрсдийн хүсч байсан зүйлийг биелүүлж, ардчилсан сонгууль явагдах боломж нөхцөлийг нээж өгчихөөд сайн дураараа ажлаа өгсөн хэрэг.

-Үндсэн хууль батлахад ямар үүрэг гүйцэтгэж байв?
-Миний хувьд нийгмийн ухаан, түүхийн чиглэлийн сурган хүмүүжүүлэгч хүний хувьд тэр талын асуудлуудыг Үндсэн хуульд тусгах талаар нэлээд үг хэлж байлаа. Тодруулбал, дэлхий дээр нэг л Монгол байх ёстой. Тиймээс улсынхаа нэрийг өөрчлөе гэдэг санал гаргаж, “ард” гэх үгийг хасуулж Монгол Улс болгосон. Түүнчлэн Үндсэн хуульд “ард” гэх үгийг ашиглахаа больж, энэ үгийг “иргэн” гэх үгээр сольж хэрэглэх талаар асуудал дэвшүүлэн батлуулж байлаа. Ард гэснээс иргэн гэвэл илүү цар хүрээ өргөн ойлгогдох болно гэж үзсэн. Түүнчлэн тухайн үед би Ерөнхийлөгчийн засагтай, их бага хоёр хуралтай байх асуудлыг дэвшүүлээд бараагүй.

-Яагаад Ерөнхийлөгчийн засаглалтай байх ёстой гэж...?
-Засаглалын эрхийг УИХ бус Ерөнхийлөгч атгаж байвал хариуцлага хүлээх хүн тодорхой биз дээ. Гэтэл одоо буруу зүйл болоход буцаад очих эзэнгүй болж. Хариуцлага хүлээх хүн алга. Буурай хөгжилтэй улс орон парламентийн засаглалтай байхаар нэг талаараа коммунист төрийн байдал хэвээрээ байгаа ч юм шиг санагддаг болсон. Тиймээс л энэ асуудлыг дэвшүүлж байсан хэрэг.

-Тухайн үед та бүгдийн эх суурийг нь тавьсан ардчилал өнөөдөр яг таны хүсч байснаар хөгжиж чадсан уу?
-Ардчилал бидэнд их зүйл өгсөн. Бүгдийг байцааж, шалгаадаг нийгмээс бид эрх чөлөөт байдал руу шилжиж чадсан. Би чинь тухайн үед МАХН-аас АН-д орсон ганц хүн шүү дээ.  Бидэнд энэ мэтээр өөрсдөө бүгдийг шийдвэрлэх эрх чөлөөг өгсөн. Хамгийн гол нь ардчилал хөгжихийн хамгийн чухал зүйл нь хуулийг дээд зэргээр биелүүлэхэд л оршдог юм. Тэгж байж л Ардчилал дээд шимийн ач тусаа өгдөг.

Бөх хүн АИХ-ын депутатаар сонгогдсон нь монголчуудын хувьд тухайн үед анхны зүйл байлаа. Түүний араас Үндэсний бөхийн олон эрхэм УИХ-д орсон билээ.

П.Очирбат: Сонгуулийн ирц буурч байгаа нь нэр дэвшигчдийн худал амлалттай холбоотой

Аваргатай ярилцаж байх үед хүндэтгэлийн танхимд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат үг хэлж байв. Тэрбээр “25 жилийн өмнөх Ардчилсан сонгууль 430 депутатын үзэл бодлыг нийлүүлсэн зөвшилцлийн оргил байсан. Цөөн үгээр хэлбэл, Монголын ардчилал бол зөвшилцлийн ардчилал юм. Сүүлийн үед сонгуулийн ирц буурч байна гэж ярих болсон. Энэ нэлээд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж буй асуудал. Тодруулбал, нэр дэвшигчдийн худал амлалт. Энэ нь улс орны эдийн засагт ч хохирол учруулж байна. Учир нь худлаа хэлсэн амлалтаа биелүүлэхийн тулд их хэмжээний үргүй зардал гаргадагтай холбоотой. Түүнчлэн саналыг арилжаа наймааны үүднээс авдаг болсон учраас одоогийн сонгууль 25 жилийн өмнөх шиг явагдаж чадахгүй байна” гэж ярилаа.

Б.Зууннаст: Ардчилсан тогтолцоо амар олдоогүй юм шүү

Анхны ерөнхийлөгчийн илтгэлийн дараа Монголын Ардчилсан холбоог анх байгуулахад өөрийн хувь нэмрийг оруулж явсан, ахмад багш Б.Зууннаст үг хэлсэн юм. Түүнийг тайзнаас буух үед сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “25 жилийн өмнөх тэр өдрийг өнөөдөр ийнхүү эргэн санахад сайхан байна. Бидний хувьд мартаж болохгүй зүйл бол “Ардчилал амар олдоогүй” гэдэг юм. Ард түмний нэгдсэн тэмцлийн үр шимд өнөөдрийн ардчилал тогтож, ардчилсан сонгууль явагдсан. Миний хувьд ардчилсан сонголтыг хийж, жагсаал цуглаан хийж байсан хүмүүс дундаа хамгийн ахмадад нь ордог байлаа. Өнөөдөр би 80 хүрч байна. 50 гаруй насандаа Монголын Ардчилсан холбоог байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулж явсандаа бахдалтай байдаг юм. Тэр үед бид чинь зураг, аппаратаас зугтаж явлаа шүү дээ. Зурагт өртөөд хэвлэл мэдээллээр гарчих юм бол ажилгүй болно, бүр муугаар яривал хоригдож байсан ч тохиолдол байсан. Гэхдээ тэр бэрхшээл саадыг давж чадсаныхаа хүчинд энэ өдрийг тэмдэглэхээр зогсож байна. Бүх монголчууддаа Ардчилсан сонгуулийн ойн өдрийн мэнд дэвшүүлье” гэв.

Д.Дэмбэрэл: Ардчилсан сонгууль жагсаал цуглааны хүчинд бус улстөрийн том бодлогоор явагдсан

Хүндэт зочдын суудалд олон хүндтэй эрхэм заларсны нэг нь УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл байв. Тэрбээр 1990 онд сонгогдсон 430 депутатын нэг бөгөөд тухайн үед Завхан аймгаас нэр дэвшин сонгогдож байсан юм. Д.Дэмбэрэл гишүүн шиг хамгийн олон жил их хуралд сонгогдож байгаа хүн байхгүй билээ. Түүнтэй уулзаж сэтгэгдлийг нь сонсоход “Аливаа зүйл цаг хугацаа өнгөрөх тусам өнгө үзэмжээ олдог юм байна. Гэхдээ өнөөдрийн хуралд тухайн үед эрх барьж байсан хүмүүс яригдахгүй байгаа санагдлаа. Өнөөдөр ойгоо тэмдэглэх буй Ардчилсан сонгууль чинь тухайн үед эрх барьж байсан хүмүүсийн улстөрийн маш том бодлогын хүрээнд явагдсан юм шүү дээ. Хүмүүс ардчилал ярихаар жагсаал цуглаан, өлсгөлөн үймээнээр төсөөлдөг. Гэвч тийм биш. Тухайн үед эрх барьж байсан МАН-ын эрхмүүдийн шийдвэрээр явагдсан. Тухайн үед тэд улс төрийн шинэ албатуудтайгаа хэрхэн хамтарч ажиллах вэ гэж ярилцаж байгаад ард түмэнтэйгээ хамтаръя гэх шийдвэрийг гаргасан байдаг юм. Ер нь ардчилал гэдгийг 1990 оноос л мэдэж, хэрэгжүүлээд байсан зүйл байхгүй. Аль XIII зууны үед ч, социалист нийгмийн үед ч ярьж мэддэг байсан. Гэхдээ түүнийг хэрэгжүүлэх талаар эрх баригчид нь шийдвэр гаргахгүй байсан учраас хэрэгждэггүй байсан хэрэг. Харин 1990 оны эрх баригчид тэрхүү том шийдвэрийг гаргаж, Үндсэн хууль батлах, ардчилсан сонгууль явуулах ажлыг зохион байгуулсан юм шүү. Үүнээс гадна бидэнд анхнаасаа л ардчилсан байдал уламжлагдаж байсан учраас ардчилал хурдан хөгжсөн. Тэгэхээр түүхэн хөгжил, бодлого, уламжлал нь ардчиллын зөв суурь юм. Гэхдээ ардчилал бүх хүнд сайн юм авчраагүй. Нийгмийн амьдралд ноцтой асуудлууд байна. Хүмүүс оюун санааны ноцтой доройтолд орж эхэллээ. Иргэд яагаад ийм байдалд хүрчихэв гэдэгт бид дүгнэлт хийх ёстой. Үүнийгээ олж ярихгүй “Ардчилал чихэр, шоколад шиг зүйл” хэмээн яриад хэрэггүй шүү дээ. УИХ-д хамгийн удаан сонгогдож, бүх хуулийг батлалцаж явсан хүний хувьд ийм бодолтой явдаг юм” хэмээн ярилаа.

Ийнхүү хүндэтгэлийн хурлаар эхэлсэн ойн арга хэмжээ “Чингисийн хүрээ”-нд бэсрэг наадмаар үргэлжилж, хүндэтгэлийн хүлээн авалтаар өндөрлөнө. Энэ жилээс тэмдэглэж эхэлсэн Ардчилсан сонгуулийн ойг цаашид байнга тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хэцүү цагт, хэцүү шийдлийн өмнө ардчиллын хамтран зүтгэгчид нэгдэж чаддаг   
Үзсэн: 1387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй