Шууд Chart

Б.Назкеш: Зорилтот бүлгийнхэн хэзээ ч мэдээ, мэдээллээс хоцрох ёсгүй

2016-03-22 17:02:23

“Монголын мэдээ” сувгийн хувьд мэдээллийн хөтөлбөрөө Тува, Казах хэл, Буриад аялгаар бэлтгэн олон нийтийн хүртээл болгодог онцлогтой. Тэгвэл Монгол орныхоо өнцөг булан бүрт суугаа ард иргэддээ тэр дундаа Казах түмэндээ зориулан мэдээ, мэдээлэл бэлтгэдэг орчуулагч, редактор Б.Назкештай Наурызын баярын энэ өдөр цөөн хором ярилцлаа.

-Өнөөдөр Наурызын баярын өдөр тохиож байна. Гэхдээ манай Б.Назкеш ажлаа хийгээд тун завгүй байна уу?
-Тийм ээ. Бидний мэргэжлийн онцлог гэх юм уу даа. Өнөөдөр “Өглөөний мэдээ”-гээрээ Казах айлд зочилж, ёс заншил, идээ будааны онцлогийн талаар сурвалжилсан. Харин дөнгөж сая өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрт хүндэт зочин болох эрхэмтэй ярилцлага хийчихээд орж ирлээ.

-Казах хэлээр бэлтгэдэг мэдээллийн хөтөлбөрийн орчуулагч, хөтлөгчөөр ажиллаад хэр удаж байгаа билээ?
-Казах мэдээний орчуулагчаар ажиллаад гурван жилийн хугацаа өнгөрч байна. Анх дөрөвдүгээр дамжааны оюутан байхдаа Б.Нурбота гэх Казах мэдээний орчуулагч эгчтэй ээлжилж, ажилладаг байлаа.

-Монгол хэл баялаг үгийн сантай. Түүнийг Казах хэл рүү хөрвүүлэх ер нь хэр хүндрэлтэй байдаг вэ?
-Аль болох бүхий л талаар нь утга төгс, олонд ойлгомжтой байлгахыг хичээж орчуулгаа хийдэг. Олон туршлагатай ах, эгч нартай ажилладаг учраас тэднээсээ тусламж дэмжлэг аваад болгоод л байна. Хамгийн гол нь орчуулга хийхийн тулд зөвхөн сонсоод ойлгох биш уншаад ойлгосон зүйлээ олонд хүргэхийн тулд оновчтой үгсийг сонгохыг хичээдэг. Мөн мэдээндээ алдаа гаргахгүйн тулд Казах хэлээр ном их уншдаг.

-Мэдээллийн хөтөлбөрийг тань үзсэн нутгийн зон олон ер нь ямар сэтгэгдэлтэй байна. Аав, ээж, ах, дүү нар нь Баян-Өлгий аймагт байдаг гэж сонссон?
-Миний хамгийн үнэнч үзэгч бол ээж, эмээ хоёр минь. Мэдээг маань цаг алдалгүй үзээд санал, шүүмжээ хэлж, намайг хурцалж байдаг. Харин нутгийн үзэгчдийн хувьд бараг бүгдээрээ Казах хэлний мэдээгээ үздэг. Миний хувьд Казах хэлний мэдээ нийгмийн тодорхой бүлэгт зайлшгүй шаардлагатай гэж боддог юм. Яг үнэндээ хөдөөгийн Казах иргэд монгол хэл тийм сайн мэдэхгүй. Тэр хүмүүст бол Казах хэлээр бэлтгэсэн мэдээ хамгийн чухал байдаг.

Гэхдээ “Монголын мэдээ” суваг кабель руу шилжсэнээс хойш олон хүн мэдээгээ үзэж чадахаа болилоо гэж холбогдох болсон. Энэ бол тийм таатай зүйл биш л дээ. Зорилтот бүлгийнхэн бүх цаг үед мэдээ, мэдээллээс хоцрох ёсгүй.

-Сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг Казах оюутан цөөн. Байсан ч орон нутгийнхаа телевиз, радиод ажилладаг юм билээ. Харин таны хувьд МҮОНРТ гэх том айлын гишүүн. Хариуцлага илүү их тийм үү?
-Тийм ээ. Сэтгүүлчийн мэргэжил өөрөө онцлогтой. Бүх салбарын мэдлэгтэй байхыг шаарддаг. Орчуулагчдаас бол маш их мэдлэг, мэдрэмж, үгийн баялгийг шаарддаг. Казах оюутнуудын хувьд сэтгүүлзүйг сонгоно гэдэг дахин нэг хэлний ангид орж байгаатай ижил зүйл л дээ.

Таны хэлсэнчлэн Казах оюутнууд орон нутагтаа ажиллах нь элбэг. Энэ нь эх хэлээрээ мэдээ бэлтгэж, орон нутагтаа ажиллаж, амьдрах нь илүү амар байдагтай холбоотой байх л даа. Бас орон нутагт ажил ч их олддог. Өлгий хотод л гэхэд  “Наз”, “Дербес”, “Тв 4” зэрэг хэд, хэдэн телевиз бий.

-Өнөөдөр Казах түмэн баяраа тэмдэглэж байгаа. Таны хувьд яаж баярлах гэж байна?
-Сүүлийн гурван жил Наурызын баяртай холбоотой мэдээ, сурвалжлагуудаа бэлтгэсээр ажил дээрээ баярладаг болоод байна. Наурызын баяраар гол нь ах дүү, хамаатан садантайгаа золгож уулзах явдал байдаг. Манай олонх хамаатан Баян-Өлгийд байдаг учраас тэр бүр нийслэлд ирээд байж чаддаггүй. Би ч байнга Баян-Өлгий ороод байж чаддаггүй юм. Энд дүү маань оюутан болохоор хамтдаа уламжлалт идээ будаа, хүндэтгэлийн зоогоо хүртээд, хотод байдаг ах, дүү нарынхаараа зочлоод л тэмдэглэнэ дээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд Казах түмэндээ зориулан Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлээч?
-Казах түмэндээ болоод Монгол орны өнцөг булан бүрт байгаа бүх Казах зон олонд Наурызын баярын мэнд хүргэе. “Монголын мэдээ” суваг эх орныхоо өнцөг булан бүрт суугаа Казах түмэндээ зориулж, Казах хэлээр бэлтгэсэн цаг үеийн шуурхай мэдээллийг хүргэсээр байх болно. Бидэнтэй үргэлж цуг байдаг уншигч, сонсогч, үзэгчдэдээ баярлалаа.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Б.Назкеш: Зорилтот бүлгийнхэн хэзээ ч мэдээ, мэдээллээс хоцрох ёсгүй  
Үзсэн: 2082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-03-23 19:38
Mundag bn Nazkaa. Amjilt husie..

Бидэнтэй нэгдээрэй