Шууд Chart

Хүнд өдөрт хэчнээн төгрөгийн цахилгаан шаардлагатай вэ?

2016-10-30 11:24:02

Өнөөдөр 72 мянга гаруй хэрэглэгчийн байнгын хэрэглээ болсон цахилгаан эрчим хүчний цахим үйлчилгээ http://my.tog.mn –ийг ашиглаад хэрэглээний статистикаа харах боломжтой болсон.

Жишээ болгон өглөө ажил, сургуульдаа гараад цуварч цугладаг дундаж амьдралтай гурван ам бүлийн цахилгааны төлбөр аравдугаар сард 27 мянга шахам төгрөг гарсан байгааг харуулъя. 

Энэ төлбөрийг хүн тус бүрт хуваавал сарын есөн мянга, өдрийн 300 төгрөг болно. Нэг хүн өдөрт 300 төгрөгийн цахилгаанаар хоол ундаа бэлтгэж, угаалга, цэвэрлэгээ хийхийн зэрэгцээ бусад хэрэглээгээ хангажээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл өдөр тутмын амин чухал хэрэгцээ болсон ширхэг талх ч авахгүй мөнгөөр өдрийн цахилгаанаа бид авч байна. Энэ өртөгийг тухайн өрх санхүүгийн чадвар, хэрэгцээ шаардлагаасаа хамааруулан бууруулж бас өсгөж ч болно. Гэхдээ улсын хэмжээнд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал өрх бүрт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн, байгаль экологийн тэнцвэр алдагдаж цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол нэмэгдэж байгаа өнөө үед гагц санхүүгийн чадвараас үл хамааран эрчим хүчний хэрэглээндээ өөрчлөлт хийх цаг ирснийг хүн бүр ойлгох нь чухал.  Тэгвэл хэрэглээндээ ямар өөрчлөлтийг хийх ёстой гэж?

Маш амархан. Юун түрүүнд энэ статистикаас өрхийн хэрэглээгээ сар, өдрөөр нь тооцоолж үзнэ. Гараагаа эхлүүлэхэд тоо хэмжээгээ тодорхой болгох нь ойлгомжтой.  Эхний ээлжинд ямар ч шаардлагагүйгээр үрэлгэн зарцуулж байгаа цахилгаан хэрэгслүүдээ анзаарч, бүртгээрэй. Үүнд өрхийн гишүүн бүр оролцох хэрэгтэй. Шаардлагагүй хирнээ асаачихсан гэрэл, ашиглагдаагүй ч залгаад орхисон цэнэглэгч, үзэхгүй мөртлөө асаагаад орхисон зурагт, асаагаагүй ч “stand by” төлөв дээр байгаа цахилгаан болон богино долгионы зуух, угаалгын машин байгаа эсэхийг сайтар шалгана.

Дараагийн авах арга хэмжээ бол хэрэглээгээ ухаалаг болгох. Хамгийн энгийн жишээ татахад ус буцалгах шаардлага гарсан бол уух хэмжээндээ тохирсон усыг зориулалтын саванд хийж буцалгана. Мөн хоол унд бэлтгэж байгаа савны ёроол цахилгаан зуухныхаа халах түвшинтэй ижил хэмжээтэй, таарсан тагтай байх нь хэмнэлт хийхэд нөлөөлнө. Тоос сорогч, угаалгын машин, хөргөгч гээд бидний өдөр тутмын хэрэгцээ болсон цахилгаан хэрэгслүүд бүгд эрчим хүчээ хэмнэхэд зориулсан тохиргоонуудтай болсон болохоор технологийн дэвшлийг алдалгүй ашиглаарай. Оройн цагаар эрчим хүч зарцуулахгүйгээр бэлтгэж болох хөнгөн зууш, жимс, цагаан идээгээр хооллох, тасалгаагаа 20 хэмээс хэтрүүлэлгүй халаах нь мөн л хэмнэлт болно. Мэдээж эрүүл мэндэд хамгийн их тустай. Эрчим хүч хэмнэх энгийн арга, зөвлөмжүүд маш олон байдгийн зах зухаас дурдлаа.

  

Ингээд та үрэлгэн зарцуулалтаа багасгаж, ухаалаг хэрэглээг хэвшүүлж эхэлсэн бол цахилгаан хэрэглээний статистикаа эсвэл төлбөрийн баримтаа ашиглаад үр дүнг нь заавал тооцож үзээрэй. Танд өдөрт хэчнээн төгрөгийн цахилгаан эрчим хүч шаардлагатай байна, хэчнээнийг үргүй зарцуулж байв?

Ухаалаг хэрэглээг байгаа орчиндоо хэвшүүлж дадах нь тухайн мөчид таны цаг зав, цахилгааныг хэмнэхээс гадна ирээдүйд өөрт болоод үр удамд тань хэрэгтэй байгаль экологийн таатай байдал, цэвэр агаарыг бий болгоход оруулж буй хамгийн том нөлөөлөл гэдгийг цаг ямагт санаж яваарай. Тэгээд бусдадаа үлгэрлэн хуваалцаж улам олуулаа, улс орноороо ухаалаг хэрэглээг эрхэмлэдэг болчихвол ч... Юутай ч эхлүүлэх нь чухал.

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

Хүнд өдөрт хэчнээн төгрөгийн цахилгаан шаардлагатай вэ?  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй