Шууд Chart

Дархан-Уул аймаг У Хай хоттой хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

2017-01-18 15:54:13

Монгол Улсын Дархан-Уул аймгийн Засаг дарга БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хоттой найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.  

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, Төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан, “Халнит” ХХК-ийн захирал Н.Амарбат, “Цайхун” дунд сургуулийн захирал Д.Бямбабаатар, “Шинэ орчин трейд” ХХК-ийн захирал О.Батпүрэв нар энэ сарын 13-16-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотод ажлын айлчлал хийгээд ирсэн байна.

Энэхүү айлчлалын гол зорилго нь тус хотын хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцаж, харилцан туршлага судлах,  найрамдалт харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахад чиглэжээ. 

Баотоу-Ланжоу төмөр зам, Баотоу Төмөр, гангийн үйлдвэр 1958 онд ашиглалтад орсноор У Хай хотын хөгжил, бүтээн байгуулалтын их ажил эхэлсэн түүхтэй ажээ. Тус хот нь Хайбован, Вуда, Хайнан гэсэн 3 хошуутай бөгөөд хотжилтоороо БНХАУ-ын ӨМӨЗО-д дөрөвдүгээрт ордог байна. Сайн чанарын коксжсон нүүрс, шаазангийн шавар, цагаан шохой, төмрийн хүдэр, элс болон бусад байгалийн баялагаас гадна соёлын өв ихтэй хот аж.

У Хай хотыг БНХАУ-ын “Уран бичлэгийн хот”, “Говийн баянбүрд”, “Усан үзмийн өлгий нутаг”, “Чулуун хот” хэмээн нэрлэх тохиолдол байдаг ажээ. Сүүлийн жилүүдэд У Хай хот нь байгаль экологи, хотын экологи дээр суурилан амьдрахад таатай ногоон орчинг бүрдүүлэх үүднээс нэлээдгүй ажлыг хийсэн байна. Ажлын айлчлалын үеэр тус хотын Орчин үеийн уран бичлэгийн музей, Монгол үндэстний сургууль, Шар мөрний Хай Бө Ван тохойн ус ашиглалтын газар, Хайравын тохойн аж үйлдвэрийн хүрээлэн, Эх нялхсын эмнэлэг, Монгол Хятад эмнэлэг, "Хань Сэнь” архины групп, Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага судлахаар боллоо.

Хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт талуудын хооронд эрх тэгш, найрсаг, харилцан ашигтай байх зарчим дээр үндэслэн эдийн засаг, худалдаа, нийгмийн салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжих, хоёр хотын хооронд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхийг тусгасан байна. Энэ оны зургаадугаар сард У Хай хотын удирдлагууд, бизнес эрхлэгчдийг Дархан хотод урьжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дархан-Уул аймаг У Хай хоттой хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ  
Үзсэн: 979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй