Өчигдөр олон нийтийн цахим хуудас фэйсбүүкээр нэгэн бичлэг цацагдаж, нэлээдгүй хандалт авч байна. “Монгол охид Монголдоо солонгосчуудын ширээнд үйлчилж байна” гэсэн гарчигтай тус бичлэгт хэдэн солонгос залуу монгол охидын хамт караокед сууж байх юм. Энэ үеэр “Даяар Монгол” ТББ болон “Хас Монгол” хөдөлгөөний залуус дайран орж загнан бичлэг хийжээ.
Уг бичлэгт дайран орсон залуус нэгэн охиноос асуулт асууж хариулт авсан байв.
-Та нарыг ер нь хэн дуудаж авчирдаг юм?
-Өнөөдөр энэ газар анх удаагаа ирсэн. Манай найз охин руу энэ буудлын ресепшин нь залгасан.
-Найз охиныг чинь хэн гэдэг юм?
-Халиунаа. Гадаад хүмүүс байгаа. Цуг суугаад пиво хундгалж өгөөд 30 мянган төгрөг өгнө гэхээр нь ирсэн.
Бичлэгт цааш нь “2014 оны гуравдугаар сарын гурванд “Даяар Монгол” ТББ болон “Хас Монгол” хөдөлгөөн хамтран “Вояаж” зочид буудлын дор байрлах караокед эдгээр солонгосчуудыг монгол охидтой байхыг нь иргэдийн мэдээллийн дагуу очиж шалгасан юм. Мөн гуравдугаар сарын 30-нд иргэдийн хүсэлт мэдээллийн дагуу 10 дугаар хорооллын “Stars” зочид буудлын доорх караокед очиж шалгахад өмнөх солонгос этгээд дахин гурван монгол охины хамт байж байлаа. “Түндэмүн” сауны дэргэдэх том том хоолны газрын эзэн болох солонгос эр монгол охидыг садар самуун явдалд байнга уруу татан оролцуулж байдаг нь илэрлээ” гэж уншсан хоолой бичигдсэн байв.
Монгол залуус ийн охидоо хамгаалж, гадаадын иргэдэд “хатуухан” хандаж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэвч энд бодох зүйл бас байна. Учир нь манай орон нийгмийн бүхий л харилцааг зохицуулдаг хуультай. Тэр хуулийн дагуу Монгол Улс дэлхийн олон оронтой дипломат харилцаа тогтоож, олон улсын гэрээ конвенцид нэгдсэн байдаг. Тодруулбал, иргэд хуульд заасны дагуу өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч үүнийхээ тулд бусдын эрхийг зөрчих эрх байхгүй. Тиймээс дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зэрэг олон хуулийг зөрчиж болохоос гадна НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс гаргаж НҮБ-ын бүх гишүүн орнууд мөрддөг Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчиж буй үйлдэл болжээ.
“Садар самуун явдалтай тэмцэх тухай” хуульд “Садар самуун явдал” гэж биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэх, эсхүл эдгээр үйлдэлд бусдыг татан оролцуулах, түүнчлэн садар самууныг сурталчлахыг хэлнэ гэжээ. Гэтэл дээрх бичлэгт садар самуун үйлдэл хийж байгаа нь нотлогдоогүй байгаа юм.
Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын референт З.Бадмаарагаас тодруулахад “Иргэд сэрэмжлүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ хүний эрхэд шууд халдсан ийм аргыг ашиглаж болохгүй” гэх тайлбарыг өглөө. Харин Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Энэ асуудалтай холбоотой хэрэг үүссэн. Манайд шалгагдаж байгаа. Гэхдээ гэм буруутай эсэхийг нь шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж хэлэхгүй” гэсэн юм. Харин бичлэг хийж олон нийтийн цахим хуудас фэйсбүүкээр тараасныг “Иргэд хуульд заасны дагуу өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төрд халдсан, эрхийг нь зөрчсөн үйлдэл хийх нь хориотой” гэв.
Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар энэ тохиолдолд хохирогч талаас өргөдөл гомдол гаргаагүй бол хэрэг үүсгэхгүй аж. Энд нэг зүйлийг тодотгоход, хуульд төрийн бус байгууллага, хөдөлгөөнүүд аливаа хэргийг мөрдөх, тагнах, шалгах эрхгүй байдаг юм байна. Хэрэв ийм хууль бус үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр их хэмжээний хохирол учирвал тухайн төрийн бус байгууллага, хөдөлгөөнүүдэд хуулийн хариуцлага тооцдог ажээ.
Залуус маань иргэдийн дуудлагаар ийн бичлэг хийсэн юм бол түүнийгээ баримт болгон хууль хяналтын байгууллагад хандаж болох байлаа. Хэрэг хийсэн эсэх нь тодорхой болсон цагт нийтэд дэлгэсэн бол олон монгол хүн “Даяар Монгол” ТББ болон “Хас Монгол” хөдөлгөөнийхөө залууст талархах байв. Гэтэл тэд хийсэн бичлэгээ олон нийтийн цахим хуудсаар тараасан нь ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэсэн хардалтыг зарим хүнд төрүүлээд байна. Эх орон хийгээд охид бүсгүйчүүдээ өмөөрөх зөв сэтгэлтэй залуус маань ийм энгийн хуулийн заалтыг мэдэхгүй байна гэж баймааргүй юм. Эсвэл тэд бухимдсандаа энэ бүхнийг дэлгэж орхив уу. Энэ тухай “Даяар Монгол” хөдөлгөөний тэргүүн Г.Бямбатулгаас лавлалаа.
-Хэсэг солонгос монгол охидтой караокед байгаа бичлэг олон нийтийн цахим хуудсанд байршуулсан байх юм. Танайхаас энэ бичлэгийг хийж, цахим хуудсанд байршуулсан нь үнэн үү?
-Тийм ээ. Манайх тавьсан. Хэдэн солонгос монгол охидтой цуг байсан юм. Ямар асуудал гарч байна.
-Энэ бичлэгийг хууль хяналтын байгууллагуудад өгсөн үү ?
-Өгөөгүй ээ.
-Хэрэг хийсэн эсэх нь шийдэгдээгүй байхад танайх энэ бичлэгийг олон нийтэд дэлгэсэн нь солонгосчуудыг дарамталж мөнгө нэхсэн гэх хардалтыг зарим хүнд төрүүлээд байна?
-Тэр солонгосчууд чинь Монголд орж ирээд таваас зургаан жил хууль бусаар мөнгө олж амьдардаг этгээдүүд юм билээ. Бид нар энэ бүхнийг нь л дэлгэж тавьсан өөр асуудал байхгүй. Тэр охид нь ч бидэнд ямар ч хамаагүй.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.