Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт суманд өнгөрөгч 2016 онд таван барилга буюу 131 айлын орон сууц шинээр баригдан, улсын комисс албан ёсоор хүлээн авч ашиглалтад оруулжээ. Тус аймагт орон сууцны борлуулалт урьд жилүүдээс эрс багасчээ.
Аймгийн төвд өнгөрсөн онд, Хаан банкны ажилчдын 30 айл, "Боловсрол" хорооллын 23 айл, "Цэлмэг" хотхоны хоёрдугаар ээлжийн 19 айл, 2-р БДС-ийн багш, ажилчдын нэгдүгээр ээлжийн 25 айл, хуулзүйн ажилчдын 20 айл, 1500 айл орон сууц төслийн эхний ээлжийн 12 айл гээд нийт 131 айлын орон сууц ашиглалтад оржээ. Үүнээс одоогоор борлуулагдаагүй 38 шинэ орон сууц байна. Эдгээр барилгыг ихэвчлэн хувийн компаниуд барьж гүйцэтгэжээ.
Орон сууцны борлуулалтын хувьд урд жилүүдээс эрс багассан гэдгийг албаны хүн хэлж байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар муудсан, ипотекийн 8 хувийн хүүтэй зээл зогссон гээд олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа юм. Иргэдийн хувьд орон сууцанд орох хүсэл сонирхол их байгаа учир Монголбанкны санхүүжилт хэзээ орж ирэх нь хүлээлт үүсгэсэн байдалтай байна. Тиймээс зарим банк өөрийн хөрөнгөөр ипотекийн зээлийг олгохоор болж буй аж.
Сүхбаатар аймагт орон сууцны метр квадратын үнэ доод тал нь 1 сая 200 мянгаас 1 сая 250 мянган төгрөгийн ханштай байна. Урт хугацааны бага хүүтэй зээл олгогдохгүй бол ийм үнээр орон сууц худалдаж авч чадах хүн ховор. Тиймээс аймаг орон нутгийн зүгээс иргэдээ чанартай, хямд үнэтэй орон сууцаар хангах бодлого барин ажиллана гэдгийг хэлж байгаа юм.
Тус аймагт 2015 онд 233 айлын орон сууц ашиглалтад орж бүгд борлуулагдаж байсан бол 2016 онд 131 болж 102-оор буурчээ. Харин 2016 онд баригдаж дууссан ч улсын комиссоор ороогүй, албан ёсоор ашиглалтад ороогүй, 2017 онд хүлээж авах 56 айлын шинэ орон сууц байна.
| Сүхбаатар аймагт орон сууцны борлуулалт буурчээ | ||
| Үзсэн: 1530 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.