Шууд Chart

Челси Мэннингийн ялыг 7 жил хүртэл бууруулж, ялыг нь хөнгөлнө

2017-01-18 17:10:47

АНУ-ны ерөнхийлөгч Барак Обама өөрийн бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө нэгэн шийдвэр гаргасан нь Викилеакс сайтын мэдээлэгч Челси Мэннингд уучлал үзүүлж, түүнд оноосон ялын хэмжээг бууруулахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдлээ.

Челси Мэннингийн жинхэнэ нэр нь Бредли Мэннинг. Тэрээр шоронд хоригдож байх хугацаандаа хүйсээ солиулж, мөн нэрээ Челси Мэннинг болгон өөрчилжээ. Өдгөө 29 настай Мэннинг нь АНУ-ын цэргийн армийн албан хаагч байсан төдийгүй, нууц мэдээллийг дэлгэдэг Викилеакс сайтын мэдээлэгч байсан юм. Түүнийг өнгөрөгч 2010 оны 5 дугаар сард Ирак болон Афганистанд явуулсан АНУ-ын байлдааны ажиллагаа болон бусад дипломат үйл ажиллагаатай холбоотой 700 гаруй мянган нууц баримтыг дэлгэсэн хэрэгт буруутган баривчилсан юм.

Улмаар 2013 оны 8 дугаар сард АНУ-ын шүүхээс түүний энэ хэргийг хянан хэлэлцээд, түүнийг энэ хэрэгт буруутай гэж үзэн 35 жилийн хорих ялыг оноож, түүний ялын хугацаа 2045 онд дуусах байсан. Тэрээр одоогийн байдлаар Кансас мужийн Ливенворт боомтын цэргийн хорих ангид ял эдэлж байна.

Түүнчлэн тэрээр хоригдож байх хугацаандаа 2 ч удаа амиа хорлохыг завдаж байснаас гадна, өлсгөлөн ч зарлаж байсан юм. Мэннингийн өмгөөлөгч хэд хэдэн удаа ерөнхийлөгчид ялыг хөнгөлөх, өршөөл үзүүлэх талаар хандаж байсан хэдий ч АНУ-ын түүхэнд нууц баримт материал дэлгэсэн хүнд өршөөл үзүүлж байсан удаа байдаггүй юм.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама бүрэн эрхийн хүрээндээ Челси Мэннигийн ялыг хөнгөлж, 7 жил хүртэлх хугацаагаар бууруулахаар шийдвэрлэлээ. Одоогоор Челси Мэннинг нь 4 жил шоронд ял эдлээд байна. Харин өршөөлийн шийдвэрийг яг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх тодорхой шийдвэр гараагүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Челси Мэннингийн ялыг 7 жил хүртэл бууруулж, ялыг нь хөнгөлнө  
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй