Шууд Chart

Энэтхэгийн Ерөнхий сайд Израйль улсад айлчилж байна

2017-07-05 12:00:00

Нарендра Моди Тель-Авивт хүрэлцэн ирж, Израйль улсад айлчилж байгаа анхны Энэтхэгийн Ерөнхий сайд боллоо. Нарендра Моди Энэтхэг болон еврей хүмүүс олон зуун жилийн турш холбоотой байсаар ирснийг онцлоод цэргийн болон цахим аюулгүй байдлыг хангах тал дээр яриа хэлэлцээ хийнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлж байсан.

Нарендра Моди Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай онгоцны буудал дээр уулзаад, нүүр хагарах уулзалт болж байгааг цохон тэмдэглэжээ. Хоёр улсын Ерөнхий сайд өчигдөр оройн зоог барьсан бөгөөд өнөөдөр ажил хэргийн уулзалт хийх юм байна. Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 25 жил болж байгаа бөгөөд терроризмтой тэмцэх болон батлан хамгаалахын салбарт нягт холбоотой хамтарч ажилласаар ирсэн.

Түүнчлэн Энэтхэг нь Израйлаас зэвсэг тоноглол их хэмжээгээр худалдан авдаг улс юм. "Ройтерс" агентлагийн мэдээлснээр Энэтхэг тус улсаас нэг тэрбум америк долларын зэвсэг тоноглол худалдан аваад байгаа юм байна. Үүнээс гадна хоёр улс бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудал дээр санал нэгтэй байгаа бөгөөд Израйль улс Энэтхэгийн хүнсний аюулгүй байдал болон дэд бүтцийн салбарыг дэмжин ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм.

Бенжамин Нетаньяху энэ айлчлалыг түүхэн үйл явдал болсныг цохон тэмдэглээд, аюулгүй байдал, дэд бүтэц, цэвэр ус, эрчим хүч зэрэг Израйль улсын оролцоотой бүх салбар дахь хоёр улсын хамтын ажиллагаа улам ойртохын эхлэл боллоо гэж дүгнэжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Израйль улсад айлчилж байна   
Үзсэн: 725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй