Шууд Chart

БНХАУ туршилтын реактор барьж байна

2018-01-09 15:04:21

БНХАУ-ын Фүжян мужийн Сайпу хотноо 600 МВт чадалтай хурдан нейтроны үзүүлэнгийн реактор барихаар барилгын ажлыг эхлүүлсэн байна. Тэд энэхүү реактораар 2023 оноос эрчим хүч үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа аж. Хятадын үндэсний цөмийн корпораци /ХҮЦК/ энэхүү барилга  байгууламжийн угсралтын ажлыг Хятадын цөмийн үйлдвэрлэлийн чухал ач холбогдолтой төсөл гэж үзэж байна.

Энэ сарын эхээр Сайпугийн хурдан нейтроны реакторын төслийн тендерт “Хятадын Цөмийн Үйлдвэрлэл 23 Констракшин” ХХК шалгарч реактор барих гэрээнд гарын үсэг зуржээ.

Барилгын шав тавих ёслолын үеэр ХҮЦК-ийн дарга Ван Шоужун “Энэ төслийг цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний төсөл гэж тодорхойлон, Хятад Улсад цөмийн энергийн тогтвортой хөгжлийг дэмжиж, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болохуйц, цөмийн түлшний битүү цикл (Цөмийн эрчим хүчний станцын ашигласан түлшийг дахин боловсруулж ашигладаг цикл)-ийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэж хэлсэн байна.

Хурдан нейтроны реактор нь БНХАУ-ын реакторын технологид голлох технологид тооцогдох болсон  бөгөөд ХҮЦК нь хурдан нейтроны реакторыг энэ зууны дунд үед давамгайлна гэж үзэж байгаа аж. БНХАУ хурдан нейтроны реакторын судалгаа, хөгжүүлэлтийг 1964 оноос эхэлжээ.

БНХАУ нь 2010 оны долоодугаар сард Бээжин хотын ойролцоо 65 МВт чадалтай хурдан нейтроны туршилтын реакторыг амжилттай ажиллуулсан бөгөөд жилийн дараа сүлжээнд холбосон байна. БНХАУ-ын Атомын эрчим хүчний хүрээлэн энэ туршлагадаа тулгуурлан 600 МВт-ийн CFR-600  реакторын загварыг  боловсруулсан байна. Энэхүү хурдан нейтроны реактор нь натри хөргөлттэй, усан сан төрлийн реакторын загвартай, 1500 МВт дулааны чадалтай, 600 МВт цахилгаан эрчим хүчний чадалтай юм. Реактор эхний ээлжид  100 ГВт×хоног/т шаталттай холимог оксид (MOX) түлш ашиглаж, 480°C-тай уур үйлдвэрлэх, 2 контуртай(2 үе шаттай хөргөлтийн систем) шингэн хөргөлтийн системээр ажиллах юм. Хожим метал түлшээр ажиллуулах бөгөөд хоногт 120 ГВт×хоног/т түлш ашиглах аж. Мөн реактор нь идэвхтэй, идэвхгүй аюулгүй ажиллагааны системтэйгээр зохион бүтээгдсэн байна.

Ирээдүйд 1000-1200 МВт чадал бүхий CFR1000 реакторыг эрчим хүч үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглахаар 2020 онд шийдвэр гаргаж, 2028 оны сүүлээр барилгын ажлыг эхлүүлэн, 2034 он гэхэд бүрэн ажиллуулна гэж төлөвлөж байна.


БНХАУ туршилтын реактор барьж байна   
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй