Шууд Chart

Үерийн эрсдэлтэй бүсийн иргэдийн санал хүсэлтийг сонслоо

2026-08-04 08:57:11

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны үерийн эрсдэл үүсээд буй бүсэд ажиллаж, газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонслоо. 

Тус бүсэд 1992 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Түргэний голын ай савд жимс, жимсгэнэ, хүнсний ногооны аж ахуй хөгжүүлэх зориулалтаар газар олгож байжээ. Энэ орчимд хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 20 орчим өрхийн газар усанд автаж, үерт өртөх өндөр эрсдэл үүсдэг байна. Сүүлийн жилүүдэд голын ай сав өөрчлөгдөж, шороон овоолго, авто зам зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр уулын усны урсацын чиглэл өөрчлөгдөн, үерийн хүч нэмэгдэж, эрсдэл эрс нэмэгджээ. 2009 онд үер болж, хөндий бүхэлдээ усанд автсан бөгөөд түүнээс хойш бараг жил бүр үерийн эрсдэл нүүрлэх болжээ. Ургац, хөрөнгө, бүтээн байгуулалтад хохирол учирч, үерийн ус, лаг шаварт бохирдсон бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжгүй болж хөдөлмөрийн үр шим талаар өнгөрдөг тухай хэлж байв.

ХУД-ийн 14 дүгээр хорооны иргэн Л.Алтанзул хэлэхдээ “Бид 1992 оноос хойш энэ газрыг өөрсдийн хүч хөдөлмөрөөр тохижуулж, үржил шимтэй хөрс бүрдүүлэн хүлэмжийн аж ахуй хөгжүүлсэн. Гэвч хүний үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн үерийн эрсдэлээс болж жил бүр хохирч байна” гэв. Мөн иргэдийн төлөөлөл зам, ус зайлуулах байгууламжийн өөрчлөлтөөс шалтгаалан уулын амны ус өндөр даралттайгаар орж ирдэг болсон бөгөөд инженерийн цогц шийдлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асуудлыг судалж, инженерийн шийдэл боловсруулах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөв.

Тэрбээр “Үерийн эрсдэлийг бууруулах асуудлыг зөвхөн 14 дүгээр хороогоор хязгаарлахгүйгээр Өлзийт орчмын ногоочдын бүсийг хамруулан иж бүрэн судалгаа хийж, геодези, усны барилга байгууламжийн шийдлийг боловсруулна. Хөдөлмөрлөж, хотын хүнсний хангамжид хувь нэмэр оруулж буй иргэдээ дэмжих бодлого баримтална” гэв. Мөн холбогдох байгууллагууд үерийн дараах ариутгал халдваргүйтгэлийг нийтийн эзэмшлийн талбайд шуурхай зохион байгуулж, айл өрх, аж ахуйн нэгжүүдэд ариутгалын бодис олгох, авто замын эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, цахилгаан, дэд бүтцийн нөхцөл байдалд судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо.


Үерийн эрсдэлтэй бүсийн иргэдийн санал хүсэлтийг сонслоо   
Үзсэн: 60 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй