Шууд Chart

ОХУ-ын Гадаад хэргийн сайд хэвлэлийн бага хурал хийв

2018-01-16 10:15:02

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров өчигдөр тус улсаас 2017 онд хэрэгжүүлсэн дипломат үйл ажиллагааны талаар дотоод, гадаадын сэтгүүлчдэд зориулж уламжлалт хэвлэлийн бага хурлаа хийв.

С.В.Лавров хурлыг нээж хэлсэн үгэндээ 2017 он ОХУ-ын гадаад бодлогын хувьд амаргүй жил байсныг дурдаад, Ойрхи Дорнод, Хойд Африк, тус улсын хөрш болох Украйн зэрэг дэлхийн олон газар байдал хүнд байсныг онцолж, оны сүүлээр Вашингтоны зүгээс Солонгосын хойгийн цөмийн болон Афганистаны асуудлыг хүч хэрэглэх арга замаар шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгасан хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Ираны цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг зогсоох талаар хийсэн АНУ-ын сүүлийн мэдэгдэл нь уг асуудлын ирээдүйг бүрхэг болгож, бүс нутгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буйг анхааруулав.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд АНУ болон түүний холбоотнууд аливаа асуудлыг урьдын адил зөвхөн өөрсдийн хүслээр, хориг арга хэмжээ авч, бусдын санаа бодлыг үл ойшоох арга замаар шийдвэрлэхийг хүсч байгааг буруушааж, дэлхий дээр олон тулгуурт шинэ нөхцөл байдал бий болсныг сануулав. Түүний хэлснээр дээрх орнуудын бусдыг үл ойшоон асуудлыг хүч хэрэглэх арга замаар шийдвэрлэхийг зорьж байгаа алхмууд нь олон улсын эрхзүй, олон улсын байгууллагуудын үнэ цэнийг бууруулж байгаа аж.

С.В.Лавров тус улсын ГХЯ юуны түрүүнд ОХУ-ын үндэсний эрх ашиг, түүний дотор иргэдийн болон бизнесийн ашиг сонирхлыг олон улсын тавцанд хамгаалах чиглэлээр чадах бүхнээ хийсэн тухай мэдэгдсэн бөгөөд түүний толгойлж буй яам НҮБ-ын Дүрэмд тусгагдсан олон улсын эрхзүй, олон улсын байгууллагуудын чадамжийг байнга хамгаалан ажилласан тухайг онцлов.

Эцэст нь, ОХУ дэлхийн хамтын нийгэмлэгт үнэнч байдал, шударга ёс, эрх тэгш, харилцан хүндэтгэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байж, Сирид гаргасан амжилтаа үргэлжлүүлэн терроризмтэй тэмцэх бөгөөд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцсон яриа хэлэлцээг хадгалж, Израиль-Палестины асуудлыг хэвийн болгоход анхаарч, аливаа асуудлыг эмх замбараагүй байдал, сөргөлдөөнд хүргэхгүй байхын төлөө ажиллана хэмээв. Түүнчлэн тус улсын ГХЯ Украйны асуудлыг Минск хотноо 2015 оны хоёрдугаар сард хийгдсэн яриа хэлэлцээний дагуу шийдвэрлэхээс өөр арга зам байхгүй хэмээн үзэж байгааг онцолсон бөгөөд удахгүй болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын иргэд ДТГ-аараа дамжуулан ая тухтай оролцох бүх боломжийг хангахаар ажиллаж байгааг мэдэгдэв.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров 2017 онд хэрэгжүүлсэн дипломат үйл ажиллагааны талаар товч үг хэлсний дараа тус улсын гадаад бодлого болон олон улсын тулгамдсан асуудлуудын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.


ОХУ-ын Гадаад хэргийн сайд хэвлэлийн бага хурал хийв   
Үзсэн: 1858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй