ОХУ Хятад улсад байгалийн хий нийлүүлж эхлээд байна. “Сибирийн хүч” байгалийн хийн хоолойг албан ёсоор нээх ёслол даваа гарагт болжээ. 2024 он гэхэд ОХУ жилд 38 тэрбум куб метр байгалийн хийг Хятад улсад нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Ер нь Хятад улс нүүрсний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүч болон байгалийн хийн ашиглалтыг нэмэгдүүлэх асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна.
“Сибирийн хүч” байгалийн хийн хоолой нь ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэр дээгүүр 8100 гаруй км-ыг туулж зорьсон газартаа хүрч буйг Си Эн Эн агентлаг онцолжээ. Даваа гарагт энэ хоолойгоор анхны байгалийн хийг дамжуулан, Хятадын талд хүргэсэн байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар энэ нээлтийн ёслолын шууд дамжуулалтыг үзсэний дараа бие биеэндээ баяр хүргэжээ. Ерөнхийлөгч Путин энэ үйл явдал Орос-Хятадын эрчим хүчний салбар дахь стратегийн түншлэлийг цоо шинэ шатанд авчирж байгааг онцолжээ.
2024 он гэхэд “Сибирийн хүч” хоолойгоор БНХАУ-д жилд нийлүүлэгдэх байгалийн хийн хэмжээ 38 тэрбум куб метр болох төлөвтэй байгаа юм. 2014 онд Хятад болон Оросын төрийн тэргүүн нар 400 гаруй тэрбум ам.долларын өртөг бүхий 30 жилийн хугацаатай байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Ер нь Хятад болон Оросын харилцаа эрс нягтарч байгааг олон улсын зарим хэвлэл онцолж байна.
Тодруулбал, тус хоёр улсын хоорондох худалдааны эргэлт 2018 онд 30 хувиар нэмэгдэж, 107 тэрбум ам.долларт хүрчээ. Хятад улс нүүрсний станцуудын хэрэглээг аль болохоор бууруулахыг зорьж байгаагийн нэг илрэл нь гаднаас байгалийн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа явдал юм. ОХУ–аас гадна Америкийн “ExxonMobil” компани Хятад улсад байгалийн шингэн хийг нийлүүлэх 20 жилийн хугацаатай гэрээг байгуулсан юм.
Сонирхуулахад, Хятад улс нарны эрчим хүчний хэрэглээгээрээ 2021 он гэхэд Европын холбоог гүйцэж, дэлхийд тэргүүлэх төлөвтэй байна.
| 2024 он гэхэд ОХУ жилд 38 тэрбум куб метр байгалийн хийг Хятад улсад нийлүүлнэ | ||
| Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.