Шууд Chart

Австралийн Сидней хотод усны хэрэглээг хязгаарлалтад оруулж эхэллээ

2019-12-11 09:00:00

Австралийн Сидней хотод оршин суугчдыг өглөөний 10-аас үдийн 16 цагийн хооронд цэцэрлэг, ногоон байгууламжаа услахыг хориглосон байна. Мөн иргэд автомашинаа угаахдаа хувинд ус хийж угаалга хийх ёстой болоод байгаа юм. 

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн нийслэл Сидней хотод 2-р зэрэглэлийн усны хязгаарлалт эхлээд байна. Шинэ Өмнөд Уэльс мужийн газар нутгийн 99.9 хувь ган гачигтай байгаагийн дотор Сидней хот багтаж байна. Мөн тус бүс нутаг дахь  агаарын хэм  мягмар гарагаас эхлэн +40 хэмд  хүрэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн 10-р сард эхэлсэн ой хээрийн түймрийг улам даамжрахад хүргэх төлөвтэй байна.

Шинээр мөрдөгдөж байгаа журмын дагуу өдрийн цагаар  иргэд цэцэрлэг болон ногоон байгууламжаа шахуурга эсвэл гуурсан хоолойгоор усалж болохгүй юм. Гэхдээ хувингаар услах тохиолдолд энэ хориг үйлчлэхгүй. Мөн иргэд автомашинаа хувинд ус хийж угаах эсвэл угаалгын газарт очиж уулгах ёстой болж байна. Үүнээс гадна Сидней хотын оршин суугчид онцгой зөвшөөрөл аваагүй тохиолдолд усан сангаа усаар дүүргэх эрхгүй болоод байгаа юм. Дээрх журмыг зөрчсөн иргэнд 220 австрали долларын торгууль оногдуулах бол байгууллага, аж ахуй нэгжийг 550 Австрали доллараар торгох юм. 

Сидней хот болон ойролцоох бүс нутаг энэ долоо хоногоос ийнхүү 2-р зэрэглэлийн усны хязгаарлалтад орж байгаа бол  ирэх гурван сарын дотор 3-р зэрэглэлийн хязгаарлалт уруу шилжиж болзошгүй байгааг анхааруулжээ.

Гурав дугаар зэрэглэлийн усны хязгаарлалтад шилжвэл хотын оршин суугчид цэцэрлэг, ногоон байгууламж өглөө 9-цагаас өмнө эсвэл оройн 18 цагаас хойш услахыг л зөвшөөрнө. Мөн Иргэдийг 5 минутаас илүү хугацаанд шүршүүрт орохыг хориглох юм. Хэт хуурайшилтын улмаас Австралийн Шинэ Өмнөд Уэльс болон Квийнслэд мужуудад 100 гаруй ойн хээрийн түймэр гараад байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралийн Сидней хотод усны хэрэглээг хязгаарлалтад оруулж эхэллээ  
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй