Папуа Шинэ Гвиней улсын Бугенвиль мужийн иргэд тусгаар тогтнолын төлөөх зэвсэгт тэмцлийг нэг бус удаа өрнүүлж байсан түүхтэй. Тэгвэл Бугенвилийн ард иргэдийн дунд тусгаар тогтнолыг дэмжих эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явагдаж, оролцогчдын 98 хувь буюу үнэмлэхүй олонх нь тусгаар улс болохын төлөө саналаа өгчээ.
Папуа Шинэ Гвиней улсын Бугенвиль арлын иргэдэд хоёр сонголтыг олгоод байжээ. Бугенвиль арлын автономит байдлыг нэмэгдүүлэх болон бүр мөсөн тусгаар тогтнох талаар иргэдийн санаа бодлыг сонсжээ. Энэ бүх нийтийн санал асуулгад 181 мянган хүн саналаа өгсний 98 хувь тусгаар болохыг дэмжиж байгааг илэрхийлжээ. Папуа Шинэ Гвиней улсын засгийн газраас бүх нийтийн санал асуулгын үр дүнг хүлээв зөвшөөрсөн байна.
Санал асуулгад оролцсон нийт 180 мянган гаруй хүний 179 928 нь тусгаар болохыг дэмжсэн бол 3 мянга гаруй хүн хүн автономит эрхийг улам өргөжүүлэхийг дэмжжээ. Энэхүү бүх нийтийн санал асуулгын үр дүнг Бугенвилийн Бүх Ард Түмний Санал Асуулгын Хорооны дарга Бертие Ахерн Бука хотод албан ёсоор олон нийтэд танилцуулжээ.
Эргэн сануулахад, эдийн засгийн уналтаас үүдэн Бугенвиль муж 1988 оноос тусгаар тогтнолын төлөө тэмцлийг эхлүүлж, хоёр талын зөрчилдөөн 9 жил үргэлжилж байсан юм. Энэ зөрчилдөөний төгсгөлд Бугенвилийг Автономит Эрх бүхий муж болгосон төдийгүй тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулгыг явуулна гэдгээ талууд тохиролцсон байдаг. Гэхдээ энэ бүх нийтийн санал асуулга бол бэлгэдлийн шинжтэй буюу Папуа Шинэ Гвиней улсын засгийн газар заавал биелүүлэх албагүй юм. Хэдийгээр тус арлын иргэд тусгаар улс болохыг хүсч байгаагаа идэвхтэйгээр илэрхийлж байгаа ч Папуа Шинэ Гвиней улсын төв засгийн газрын байр суурингаас ихээхэн зүйл хамаарах юм. Бугенвиль арал нь 10 мянган км талбай хүрэхээргүй бага газар нутагтай.
| Бугенвиль арлын иргэд тусгаар тогтнолыг нэгэн дуугаар дэмжлээ | ||
| Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.