АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын шүүх хороо Ерөнхийлөгч Дональд Трампад хариуцлага хүлээлгэх хоёр ч баримт бичгийг олонхын саналаар дэмжээд байна. Ингэснээр Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Дональд Трампыг эргүүлэн татах асуудлаарх эдгээр баримт бичгийн талаарх санал хураалтыг удахгүй явуулах нь тодорхой болоод байгаа юм.
АНУ-ын Ардчилсан намынхны удирдаж байгаа Төлөөлөгчдийн танхимын шүүх хороо Ерөнхийлөгч Дональд Трампад хариуцлага хүлээлгэх баримт бичгүүдийн талаар хэлэлцэж, санал хураалтыг явууллаа. Тус хорооны нийт 40 гишүүний 23 нь Ерөнхийлөгч Дональд Трампыг эргүүлэн татах талаарх баримт бичгийг дэмжсэн саналыг өгчээ.
Ийнхүү олонхын саналаар Төлөөлөгчдийн танхимын шүүх хороо эдгээр хоёр баримт бичгийг дараагийн шатны хэлэлцүүлэг буюу Төлөөлөгчдийн танхимын нийт гишүүдээр хэлэлцүүлэхээр илгээгээд байгаа юм. Тус баримт бичигт Цагаан ордны тэргүүнийг хоёр ч зүйл ангиар буруутгаж байна.
Эхнийх нь, Ерөннийлөгч Дональд Трамп Украинд үзүүлэх цэргийн тусламжийг саатуулж эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан болон улс төрийн өрсөлдөгчөө намнахын тулд Украины Ерөнхийлөгчид дарамт шахалт үзүүлсэн гэх хэрэгт буруутгаж байгаа юм.
Хоёрдугаарт, түүнийг Төлөөлөгчдийн танхимын мөрдөн шалгах үйл явцад саад учруулах гэж оролдсон хэрэгт буруутгасан байна. Ардчилсан намын олонхыг бүрдүүлж байгаа Төлөөлөгчдийн танхим Цагаан ордны тэргүүнд хариуцлага ногдуулж, эргүүлэн татахыг дэмжих нь тодорхой гэдгийг шинжээчид онцолж байгаа юм.
Харин үүний дараагаар Бүгд найрамдах намын олонхыг бүрдүүлж байгаа Сенатын танхим энэ асуудлыг хэлэлцэнэ. Дональд Трамп Бүгд найрамдахаас нэр дэвшин сонгогдож байсан учраас Сенатын танхим Цагаан ордны тэргүүнд хариуцлага тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй гэж шинжээчид урьдчилан таамаглаж байгаа юм.
Ямартай ч Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй гэдгээ удаа дараа хэлж, Ардчилсан намынхны түүнд хариуцлага тооцох үйл явцыг байж боломгүй зүйл үзэж байна.
| Дональд Трампад хариуцлага хүлээлгэх баримт бичгийг олонхын саналаар дэмжлээ | ||
| Үзсэн: 2015 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.