Өнөөдөр Өмнөд Солонгос, Японы худалдааны яамны тэргүүлэн албан тушаалтнуудын хоорондох уулзалт Токио хотод болох юм. Энэ уулзалтаар талууд хоёр улсын худалдааны хяналтын асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлнэ.
Япон орчин үеийн техник технологийн үйлдвэрлэлд ашиглагддаг зарим бараа материалын Өмнөд Солонгос уруу гарах экспортод хатуу хяналтыг тавьж, хязгаарлалт тогтоосон байгаа. Хоёр улсын хоорондох худалдааны маргааны эхлэлийг тавьсан энэ үйл явдал болсноос хойш Өмнөд Солонгос болон Японы төлөөлөгчид экспортын хяналтын асуудлаар нүүр тулсан анхны уулзалт хийх гэж байна. Өнөөдөр Токио хотод болох уулзалтад Японы талаас Худалдааны яамны төлөөлөгч Ёочи Лида тэргүүтэй албаныхан оролцох бол Өмнөд Солонгосын талаас мөн тус улсын Худалдааны яамны ахлах албан тушаалтнуудын нэг болох Лее Хо-Хиунаар ахлуулсан төлөөлөгчид оролцох юм.
Худалдааны хяналтын асуудлаар Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчид хамгийн сүүлд 2016-оны 6-р сард уулзалт зохио явуулж байсан юм. Энэ жилийн 7-р сард Японы улс Өмнөд Солонгос уруу нийлүүлдэг гурван ч төрлийн орчин үеийн техник технологийн материалын экспортод хатуу хяналт тогтоосон юм. Тухайн үед Токиогийн зүгээс галт зэвсэг үйлдвэрлэхэд ашиглагдах магадлалтай бараа бүтээгдэхүүний экспортын хяналтыг нэмэгдүүлж байгаагаа илэрхийлж байсан юм.
Японы засгийн газрын энэ үйлдэл Өмнөд Солонгосын үйлдвэрлэлүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хоёр талын худалдааны маргаан эхэлсэн. Уулзалтаар Өмнөд Солонгосын албаныхан Японыг талыг зарим төрлийн экспортын бараа бүтээгдэхүүнийхээ хяналтыг сулруулах асуудалд анхаарал хандуулахыг уриална гэдгийг шинжээчид онцолжээ.
| Өнөөдөр Өмнөд Солонгос болон Японы талууд худалдааны хяналтын асуудлаар хэлэлцэнэ | ||
| Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.