Шууд Chart

Малын тоо толгойн өсөлтийг хязгаарлах нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд чухал нөлөөтэй

2019-12-17 09:00:00

Эрдэмтэд мал аж ахуйн салбар хүлэмжийн хийн ялгаралтыг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлж байгааг анхаарууллаа. Дэлхийн улс орнууд ирэх 10 жилийн дотор малын тоо толгойн өсөлтийг хязгаарлах нэгдсэн зорилт, төлөвлөгөөнд хүрэх шаардлагатай гэж эрдэмтэд үзэж байгааг илэрхийлжээ. Хүлэмжийн хийн ялгарлын томоохон эх үүсвэрүүдийн нэг нь мах болон цагаан идээний үйлдвэрлэл, мал аж ахуй гэдгийг анхааруулж байна. Ялангуяа буурай болон хөгжиж буй орнууд малын тоо толгойг нэмэгдүүлэхгүй байх, бууруулах хэрэгтэй болох юм. Энэ нь дэлхийн дулааны хэмийн өсөлтийг 1.5 болон 2-хэмээс хэтрүүлэхгүй байхын тулд авч хэрэгжүүлэх шаардлагатай алхам гэж үзэж байна. Харвардын Хуулийн Сургуулийн байгаль орчны судлаач, эрдэмтэн Хелен Харватт хэлсэн үгэндээ дэлхийн дулаарлын хэмийг шаардлагатай хэмжээнд бууруулахын тулд бид бүхий л салбарт эрс өөрчлөлтийг явуулах хэрэгтэй.

Дулаарлыг 1.5 хэм хүртэл буулгахын тулд агаар мандлаас асар их хүлэмжийн хийг  цэвэрлэх ёстой. Хөдөө аж ахуйн салбарт өөрчлөлт явуулахыг бид зөвлөж байна гэжээ. 50 эрдэмтэн, мэргэжилтний гарын үсэг бүхий мэдэгдэлд хэрэв мал аж ахуйн салбар өнөөгийн өсөлтөө цаашид хадгалах юм бол 2030 он гэхэд хүлэмжийн хийн  ялгарлын тал хувь нь  энэ салбараас гарах болно гэжээ.

Тиймээс мал аж ахуйн гаралтай  бүтээгдэхүүний оронд байгаль орчинд сөрөг нөлөө багатай үр тариа, жимс, ногоо, самар зэрэг хүнсийг түлхүү хэрэглэхийг уриалжээ. Эрдэмтэд агаарын мандал дахь хүлэмжийн хийг энэ зууны эцэс гэхэд 420 тэрбум тонноос хэтрэхгүй байх ёстой гэсэн нэгдсэн байр суурьтай байгаа юм. Дэлхийн ой мод болон ургамлын ургац, өсөлтийг нэмэгдүүлэх нь агаар мандлаас хүлэмжийн хийг цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Малын тоо толгойн өсөлтийг хязгаарлах нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд чухал нөлөөтэй  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй