Пакистаны Ерөнхийлөгч асан Первез Мушаррафийг эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж, шүүхээс цаазаар авах ял оногдуулсан байна. Харин энэ шийдвэрийг Пакистаны арми эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Ерөнхийлөгч асан Мушарраф одоогоор Саудын Араб улсад орогнож байгаа юм.
Пакистаны тусгай шүүхээс экс Ерөнхийлөгчийг хэд хэдэн хэрэгт буруутгасан байна. Үүн дотор Первез Мушаррафийг үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж, онц байдал зарласан гэх зүйл анги багтаж байгаа юм.
Тэрбээр 1999 онд цэргийн хүчээр төрийн эргэлт хийж, Пакистан улсын төрийн эрхэнд гарч ирснээс хойш 2008 оныг хүртэл тус улсыг удирдсан юм. Өдгөө 76 настай Мушарраф эмчилгээний зорилгоор 2016 онд Саудын Арабыг зорьсноос хойш одоог хүртэл тэнд орогнож байна.
2013 оноос эхлэн түүнийг эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж, хариуцлага оногдуулах үйл явц эхэлжээ. Пакистаны гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй тусгай шүүх экс Ерөнхийлөгчтэй холбоотой хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүгчдийн хоёр нь Первез Мушаррафад цаазаар авах ял оногдуулахыг дэмжсэн байна.
Первез Мушарраф энэ сарын эхээр эмнэлгийн орноос видео хэлбэрээр хийсэн мэдэгдэлдээ түүнд ямар ч үндэслэлгүй хэрэг тулгаж байгааг буруутгасан юм. Мөн тэрбээр төрийн эрхэнд байхдаа буюу 2007 онд онц байдал зарлах шийдвэрийг тухайн үеийн Засгийн газар болон кабинеттай хэлэлцэн, санал нэгдэж гаргасан гэсэн байна. Шинжээчид экс Ерөнхийлөгчид оногдуулаад байгаа цаазаар авах ялыг хэрэгжүүлэх магадлал тун бага гэж үзэж байна.
| Пакистаны Ерөнхийлөгч асан Первез Мушаррафад цаазын ял оноожээ | ||
| Үзсэн: 1180 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.