Агаарын тээврийн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлч “Боинг” компани сансрын хөлөг үйлдвэрлэлд хүч үзэж байгаа юм. Тус компанийн бүтээсэн сансрын хөлгийг өнөөдөр хөөргөж, олон улсын сансрын станц холбох туршилтыг нислэг хийнэ. АНУ-ын газар нутгаас сансрын нисгэгчдийг хөөргөх техник, технологийг хөгжүүлэх өрсөлдөөнд Америкийн хувийн компаниуд оролцож байна.
“Боинг” компанийн бүтээсэн "Starliner" гэх сансрын хөлөг задгай сансарт гараад зогсохгүй ирэх амралтын өдрүүдэд олон улсын сансрын станцтай холбогдох юм. Энэ удаагийн туршилтын нислэгээр хүнгүй сансрын хөлгийг хөөргөнө.
Харин "Starliner"-ийг сансрын багийнхантай хөөргөх нислэг ирэх жилийн эхээр болж магадгүй гэсэн мэдээлэл байна. Яг хэдийд энэ нислэг болох нь тодорхойгүй ч өнөөдрийн туршилтын нислэг ирэх жилийн нисэгч бүхий нислэгийн хугацааг тодорхойлоход чухал нөлөө үзүүлэх юм байна. Ер нь АНУ-ын сансрын нисгэгчдийг тус улсын газар нутгаас задгай сансарт зөөвөрлөн гаргах сансрын хөлгийг бүтээх өрсөлдөөн “Боинг” болон "SpaceX" хувийн компанийн хооронд өрнөж байгаа юм.
Тэрбумтан Элон Маскийн "SpaceX" компани хүнгүй сансрын хөлгийн туршилтын нислэгийг энэ жилийн эхээр явуулж, амжилттай болсон юм. 2011 онд АНУ-ын Сансар судлалын агентлаг болох "НАСА" өөрийн газар нутгаасаа сансрын нисгэгчдийг хөөргөх хөтөлбөрийг зогсоосноос хойш энэ төрлийн сансрын технологийг хөгжүүлэх хөтөлбөрт хувийн компаниудыг оруулж байгаа юм.
2014 онд "НАСА" агентлаг арилжааны сансрын технологийг хөгжүүлэх үүднээс "SpaceX" компанид 2.6 тэрбум ам.доллар, “Боинг” компанид 4.2 тэрбум ам.долларыг хуваан олгосон юм.
"НАСА" төдийгүй АНУ-ын удирдагчид хувийн компаниудын сансрын технологийн хөгжил урьдчилан тооцоолж байснаас удаан байгаад шүүмжлэлд хандаж байна. 2011 оноос хойш АНУ ОХУ-ын сансрын хөлгөөр нисгэгчдээ олон улсын сансрын станцад хүргэж байгаа юм. АНУ Оросын сансрын хөлгийг ашиглах бүртээ 55-86 сая ам.долларын зардлыг гаргаж байна.
| “Боинг” компанийн бүтээсэн сансрын хөлгийг өнөөдөр хөөргөнө | ||
| Үзсэн: 1202 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.