Шууд Chart

Япон, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзалт хийлээ

2019-12-20 16:11:05

Япон болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар Москва хотод уулзалт хийлээ. Энэ үеэр талууд хоёр улсын хоорондох газар нутгийн маргаан, тэр дундаа энхийн хэлэлцээг эцэслэн батлах асуудлаар ярилцжээ.

Уулзалтын эхэнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров талууд хоёр улсын хоорондох төдийгүй олон улсын чухал сэдвүүдээр илэн далангүй, гүн гүнзгий яриа хэлэлцээг зохион явуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Япон, ОХУ-ын хоорондох чухал асуудлуудыг шийдвэрлэх нарийн төлөвлөгөө, хөтөлбөрийг гаргаж, түүнийгээ баримтлан ажиллах саналтавьсан байна. Энэ нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал нөлөөтэйг хэлжээ.

Харин Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу ОХУ-ын захиргаанд байгаа дөрвөн арлыг талууд эдийн засагтаа үр өгөөжтэйгээр ашиглах талаар мэргэжилтнүүдийн уулзалтыг зохион явуулахыг илүүд үзэж байгаагаа илэрхийлжээ. Эдгээр арал нь Оросын мэдэлд байдаг ч Япон улс өөрийн газар нутгийн бүрэлдэхүүн хэсэг гэж үзсээр ирсэн юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар ОХУ дээрх арлыг хууль бусаар өмчлөн авсан гэж үздэг байна. 2018 оны 11 дүгээр сард Японы Ерөнхий сайд Абэ Шинзо болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзахдаа 1956 оны хамтын тунхаглал дээр тулгуурласан энхийн хэлэлцээг эцэслэн батлах асуудлаар санал нэгдсэн юм.

Энэ хэлэлцээнд одоогоор Оросын мэдэлд байгаа 4 арлын хоёрыг нь Японы талд шилжүүлэх тухай тусгасан юм. Гэвч энэ хэлэлцээрийн талаар дорвитой үр дүн гараагүй л байгаа юм.

ОХУ дээрх хоёр арлыг Японд олговол Америкийн цэргүүд эдгээр арал дээр байрлаж магадгүй гэж болгоомжилж энэ асуудалд тун хойрго хандаж байна. Ороын тал Японы загас агнуурын таван ч онгоцыг саатуулан хорьсон үйл явдал болсноос дөнгөж хоёр өдрийн дараагаар ОХУ, Японы Гадаад хэргийн сайд нар уулзаж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзалт хийлээ   
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй