Их Британичууд Европын холбооноос гарах асуудал эцсийн шатандаа ороод байгаа энэ цаг үед тус улсын бүрэлдэхүүнд багтдаг Шотландчууд тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах хүсэлтэй байгааг илэрхийлжээ. Шотландын ихэнх иргэд Европын холбоонд үлдэх хүсэлтэй байгаа юм байна.
Шотландын тэргүүн сайд Никола Стерджен Шотланчдууд тусгаар улс байгуулахыг хүсч буй эсэх асуудлаар нийтийн санал хураалт явуулахыг зөвшөөрөх хүсэлтийг Их Британийн Засгийн газарт илэрхийлээд байна.
Никола Стерджен Шотландын Үндэсний намыг тэргүүлдэг. Түүний тусгаар тогтнолын бодлогын дэмжигч нам өнгөрсөн долоо хоногт явагдсан бүхий нийтийн сонгуулиар 80 гаруй хувийн суудлыг авч, парламентад олонхыг бүрдүүлээд байгаа юм. Никола Стерджен пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн үгэндээ бүх нийтийн санал асуулга явуулах энэ хүсэлт нь Шотландын ард түмний өөрсдийн ирээдүйг шийдвэрлэх язгуур эрх гэдгийг тодотгон хэлсэн байна.
2014 онд Шотландад тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулж байсан юм. 2014 оны есдүгээр сарын 24-нд болсон санал асуулгад оролцсон иргэдийн хоёр сая буюу дийлэнх нь Их Британиас салан тусгаарлахыг дэмжихгүй гэсэн саналыг өгч байсан бол 1.6 сая нь тусгаар улс болохыг дэмжинэ гэсэн санал өгч байжээ.
Энэ санал хураалтын дараагаар Их Британи Европын холбооноос гарах асуудал сөхөгдөж эхэлсэн учраас одоо Шотландын иргэдийн санаа бодол өөрчлөгдсөн гэж тус улсын удирдагчид үзэж байна. Саяханы явуулсан судалгаагаар Шотландын иргэдийн 60 гаруй хувь нь Европын холбоонд үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Хэрвээ Их Британийн удирдагчид Шотландад тусгаар болох асуудлаар санал хураалт явуулахыг зөвшөөрвөл тус улс Их Британиас салан тусгаарлаж, мөн Европын холбоонд үлдэх боломж бүрдэнэ. Гэхдээ Их Британийн Засгийн газрын тэргүүн Борис Жонсон Шотландад бүх нийтийн санал асуулга явуулахын эсрэг байр суурьтай байгаа гэдгийг олон улсын зарим хэвлэлд онцолжээ.
| Шотландууд тусгаар улс болох асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах хүсэлтэй байна | ||
| Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.