Өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд Куба улсын улс төрийн тогтолцоонд Ерөнхий сайдын албан тушаалын орон тоо байхгүй байсан юм. Тэгвэл энэ жил тус улс үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын албан тушаалыг сэргээгээд байна. Аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан, өдгөө 56 настай Мануэль Марреро Круз 1976 оноос хойших Кубын анхны Ерөнхий сайд болоод байна.

Алдарт хувьсгалч Фидел Кастро Кубын төрийн эрхэнд гарсны дараагаар буюу 1976 онд Ерөнхий сайдын албан тушаалыг хүчингүй болгосон юм. Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель 43 жилийн дараагаар сэргээгээд буй Кубын Ерөнхий сайдын албанд Маррерог албан ёсоор томилсон байна.
Ерөнхийлөгчийн хариуцаж буй төрийн зарим ажил, үүргийг Ерөнхий сайдад шилжүүлэх юм. Бямба гарагт Кубын Үндэсний Зөвлөл Маррерог Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж, олонхийн дэмжлэгийг авсан байна.
Мануэль Марреро Круз нь тус улсын Батлан хамгаалахын яамны доор үйл ажиллагаа явуулдаг Гавиота гэх аялал жуулчлалын группын тэргүүнээр 2000 онд сонгогдож, 2004 онд Кубын Аялал жуулчлалын сайдаар томилогдсон юм.
Ерөнхий сайдаар сонгогдоод байгаа Марреро аялал жуулчлалын сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн давхар хаших эсэх нь тодорхойгүй байгаа юм. Кубын удирдагч агсан Фидел Кастро коммунист хувьсгалыг зохин явуулж, 1959 онд Кубын Засгийн газрыг унагааж, Ерөнхий сайдын албан тушаалыг өөрөө хашиж байсан. Эрүүл мэндийн шалтгааны үүднээс Фидел Кастро 2006 онд төрийн эрх мэдлийг өөрийн төрсөн дүү Раул Кастрод шилжүүлэн өгсөн юм.
| Куба улс 43 жилийн дараа Ерөнхий сайдтай боллоо | ||
| Үзсэн: 1064 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.