Шууд Chart

Умард Солонгосын ажилчдын эх орондоо буцах эцсийн хугацаа өнөөдөр дуусна

2019-12-22 17:50:33

НҮБ-аас гадаадын оронд хөдөлмөр эрхэлж байгаа Умард Солонгосын бүх ажилчныг эх оронд нь буцаах ёстой гэсэн тогтоолыг батлаад байгаа. Тэгвэл Умард Солонгосын ажилчдыг эх оронд нь буцаах эцсийн хугацаа өнөөдөр юм байна.

Энэ жилийн эхээр АНУ-ын гаргасан тайлан мэдээгээр Умард Солонгосын 100 000 иргэн гадны оронд хөдөлмөр эрхэлж байгаа юм. Тэдний олонх нь БНХАУ болон ОХУ-д байршиж байна.

Дээрх тайланд гадаад оронд ажиллаж байгаа иргэдийнхээ хөдөлмөрийн хөлсний ихэнх хэсгийг Умард Солонгосын төр засаг өөртөө хураан авдаг гэдгийг онцолж байсан юм. Ийнхүү Умард Солонгос иргэдээ гадаад оронд ажиллуулж олсон мөнгийг цөмийн хөтөлбөр болон баллистик пуужин бүтээхэд зарцуулж байна гэж Америкийн талаас буруутгаж байсан. Үүнээс ч үүдэн НҮБ тогтоол гаргаж, тус байгууллагын гишүүн орнууд Умард Солонгосын ажилчдыг нутаг буцаах ёстой болоод байгаа юм. 

Хэдийгээр НҮБ-ын тогтоолын эцсийн хугацаа өнөөдөр тохиож байгаа ч гэсэн Хятад улс дахь Умард Солонгосын ажилчид үргэлжлүүлэн ажилласаар байх төлөвтэй байгааг Японы "NHK" агентлаг онцолжээ.

Умард Солонгостой хил залгаа Хятадын Ляонин мужийн нэхмэлийн үйлдвэрт Умард Солонгосын олон зуун ажилтан ажилласаар байгаа талаар мэдээлэл гарчээ. Мөн Хятадын нэгэн рестарон Умард Солонгосын иргэнийг ажиллуулж байгаа, эх оронд нь буцаахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Учир нь дээрх Умард Солонгосын иргэн ажлын бус аяллын визээр Хятад улсад орж ирсэн, визийнхээ хугацааг сар бүр сунгуулж, ажлаа үргэлжүүлэх боломжтой гэж тус зоогийн газраас мэдээлжээ.

Хятадын Гадаад хэргийн яамнаас НҮБ-ын тогтоолыг даган биелүүлж, Умард Солонгосын ажилчдыг буцаана гэдгээ илэрхийлсэн ч бодит нөхцөл байдал өөр байгааг Японы "NHK" агентлаг дамжуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгосын ажилчдын эх орондоо буцах эцсийн хугацаа өнөөдөр дуусна   
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй