Чили улсын Вальпараисо хот ой хээрийн түймрийн улмаас ихээхэн хэмжээний хохирол амсаад байна. Түймрийн улмаас 80 орчим байшин шатаж, олон зуун иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.
Вальпараисо хотын хоёр ч хэсэгт ой хээрийн түймэр гараад байгаа юм. Тус хотын гал сөнөөгчид хурдацтай тархаж буй гал түймрийг унтраах бүхий л хүчин чармайлтыг гарган ажиллаж байгаа ч үр дүн тааруу байгаа юм байна. Энэ ой хээрийн түймрээс үүдэн Вальпараисо хотод 80 орчим барилга, байшин шатсанаас гадна 90 000 хүн гэрэл цахилгаангүй амьдарч байна.
Вальпараисо хотын дарга Жорже Шарп хэвлэлд өгсөн ярилцлагадаа гал түймрийг хэн нэгэн санаатайгаар тавьсан байж болохыг хэлжээ. Энэхүү түймэрт олон арван байшин шатаад байгаа ч хүний амь нас эрсэдсэн талаарх мэдээлэл гараагүй байна. Хотын дарга Вальпараисо хотын онцгой байдлын баг бүрэлдэхүүн газраар төдийгүй агаараас гал түймрийг унтраах бүхий л арга техникийг ашиглаж байгааг онцолжээ.
Хүчтэй салхи болон халуун уур амьсгал гал түймрийн тархалтыг улам нэмэгдүүлж байгааг шинжээчид онцоллоо. Вальпараисо нь Номхон далайн бүсэд байрлах Чилийн хамгийн том далайн боомт хотуудын нэг юм.
| Гал түймрийн улмаас 80 орчим байшин шатжээ | ||
| Үзсэн: 620 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.