
Ховд аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтайн дуулал” богино өгүүллэг, яруу найргийн наадам аймгийн Хөгжимт драмын театрт амжилттай зохион байгуулагдсан байна. Наадамд яруу найргийн төрөлд нэгдүгээр шатанд 50 гаруй яруу найрагчийн бүтээл ирснээс хоёрдугаар шатанд 26 яруу найрагч шалгарч шүлгээ уншжээ. Дараагийн шатанд 10 яруу найрагч шалгаран үлдэж шүлгээ уншсан бөгөөд МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Б.Баяраа тэргүүн байр эзлэж, өргөмжлөл цомын эзэн болсон бол удаах байрыг залуу яруу найрагч Г.Одонтуяа, Н.Мядагбадам нар хүртлээ. Харин богино өгүүллэгийн наадамд найман зохиолчийн бүтээл ирснийг аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид амилуулан үзэгчдэдээ хүргэснээс Олон ястны телевизийн сэтгүүлч Ж.Саруул тэргүүлж, зохиолч, яруу найрагч Н.Баасанжав, Л.Оюунчимэг нар тус тус удаалсан байна. Наадмын шүүгчээр “Болор цом”-ын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар, яруу найрагч, зохиолч н.Бямбаа, Г.Төрмөнх, н.Жаргалсайхан нар ажиллажээ.
Уншигч та бүхэндээ "Алтайн дуулал 2014" наадмын богино өгүүллэгийн төрлийн тэргүүн байрын эзэн, сэтгүүлч Ж.Саруулын өгүүллэгийг толилуулж байна.
Тэр эхлэлийн цэг
“Амьдрал чиний өмнө алгаа дэлгээд буугаад өгчихмөөр ахиад лав урагшаа алхахгүй дээ гэж бодогдмоор аль ч учраа олохгүй гүн харанхуйд төөрчихмөөр аймшгийн энэ хүний амьдралаас яг одоо л зугтмаар байна. Бодол болгондоо чамд бууж өгсөн шигээ буруу бүхнийг би өөртөө л аваад явахаас. Болдогсон бол чамд ч гэсэн хамаг бурууг үүрүүлчихээд бодлынхоо яг эхний цэгт очмоор байна. Тэр цэгт очвол тэвчээр, хүсэл хоёроо тэртээ хол руу илгээчихээд тэмээн жингийн цувааг дагаад тийм л нэг гэлдэрмээр байх юм. Гэхдээ тэр эхлэлийн цэг яг аль нь юм болоо” хэмээн тэрээр өөрөө өөрийнхөө бодолтой зөрчилдөж эхлэв.
Гэр дотор анир чимээгүй. Тааз ширтэн суух түүний харц үе үехэн хаалганы зүг хараа булаалдана. Ингэж л энэ дөрвөн хананы дунд хичнээн ч жилийг өнгөрүүлсэн юм бэ дээ. Аль хэдий нь шөнийн 12 цаг болчихож. Гүнбилэгийн хувьд энэ хүлээлт анхных биш ч тэр урьд урьдынхаас нэг л өөр бүр цөхөрсөн янзтай байлаа. Утасныхаа дугааруудыг шалгаж үзэв. Түүний хувьд ойр дотно яриа өрнүүлчихээр тэр дундаа сэтгэлээ онгойтол сайхан яриад суух найз нөхөд байтугай танилын хүрээ ч ховор болсныг ингэж л анзаарав. Арга ч үгүй биздээ. Сургуулиа төгсөв үү үгүй юу айлын эхнэр болсон юм хойно.
Түүний нөхөр оройн ээлжинд гарч шөнө дунд ирэхийг нь хүлээж суусаар өдийг хүрсэн нь энэ. Ингэж л таван жилийг ардаа үдэж. Нэг ёсондоо түүний амьдралын хэмнэл их богинохон. Нөхрөө ажилд нь үднэ. Өдөр дунд гэрийн бас бус ажилд сатаарч байтал нэг л мэдэхэд орой болно. Тэгээд телевизүүдээр гарах хэдэн солонгос серал үзэж цагийг өнгөрөөнө. Орой болж унтана. Шөнө дунд нөхөр ирнэ. Ердөө л энэ. Долоо хоногтоо бараг ганц л удаа зах гарч ойр зуур хоол унд, хүнсний зүйлс, гэрийнхээ хэрэглээг базаана. Ийм л амьдралын хэмнэлтэй болсноо тэрээр өнөөдрийг хүртэл өөрөө ч анзааралгүй өнгөрөөж.
Ажил хийе гэвч түүнд энэ алс хязгаар нутагт байтугай Монгол Улсад ч бараг ховорхон ажлын байр олддог мэргэжилтэй болохоор мэргэжлийн ажил олдохгүй шалтгаанаар өнөөдрийг хүрчээ. Хаа нэг таньж мэддэг хүмүүс дэлгүүрт суух, баар ресторанд зөөгч бармен хийх ажил байна орох уу гэж санал болгох бүрт нөхөр нь дургүйцдэг болохоор тэрээр цааргалж ирсэн болоод ч тэрүү сүүлдээ хүмүүс түүнийг тэр, энэ ажилд ор гэж асуухаа ч больж.
Тэр дахиад л өөртэйгөө ярилцах гэж хичээв. “Хүний амьдрал гэж яг юу юм бэ. Юун дээр оршин тогтнодог юм болоо. Бид хоёрын хувьд хоёр идэж хоосон хонохгүй, бусдын адил л айл шиг айл болоод явж л байна. Уг нь хүмүүс “хоёр идэхгүй хоосон хонохгүй л бол болно” гэж ярьдаг биздээ. Гэсэн ч нэг л юм дутаад байх шиг. Мэдээж бидэнд дутаж байгаа зүйл бий. Миний бодлоор ганц л дутаж байгаа зүйл нь үр хүүхэд. Тэрээр ингэж ч бодсоор өдийг хүрсэн. Анх оюутан байхдаа тэд хүүхэд олж байсан ч сургуулиа төгсөж чадахгүй болчихно хэмээн эцэг эхээсээ айж эмээсэндээ авахуулчихсанаас хойш өнөөдрийг хүртэл хүүхэд олохгүй өдийг хүрсэндээ харамсаад ч бардаггүй юм”.
Түүний ийн бодлынхоо гүнд автах агшнийг сэрээх гэсэн шиг аквариум доторх загас цүлхийтэл үсрэх дуунаар түүний анхаарал сарнилаа. Нээрэн миний амьдрал яг энэ аквариум доторх загаснаас нэг их ялгараад байх зүйлгүй юм бишүү. Гэхдээ энэ загаснууд надаас ч илүү хувьтай юм. Үр хүүхэдтэй болж өсөж үржээд л байна. Харин би...
Би ч гэж дээ. Миний хувь тавилан энэ юм болов уу. Хүүхэд насныхаа мөрөөдөл, гэнэн дэврүүн бодлоор жигүүрлэж, хайрандаа шатаж явах тэр үедээ л хүний эхнэр болчихсон болохоор амьдралын нарийн ширийн арга ухааныг тэр болгон өөртөө суулгаж чадаагүй. Магадгүй биеэ даах, биеэ даасан эмэгтэй хүн байх гээч зүйлд суралцаагүйн буруу энэ юм болов уу. Нэг ёсондоо бол би нөхрийнхөө бэлдсэн бэлэн зүйлс дээр л амьдарч байна шүү дээ. Харин надад өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэр, бас өөрийн гэсэн мөрөөдөл, зорилго гэж байгаа билүү?
За, за юу гээч сонин бодол толгойд орж ирээд байна даа. Мэдээж намайг тэжээж тэтгэх гэж, авч явах гэж л эхнэрээ болгосон болохоор би өөр юунд санаархах вэ дээ. Бидний амьдрал болоод л байгаа юм хойно” гэж Гүнбилэг дахиад л бодлынхоо гүнээс зугатав.
Тэрээр чимээ аниргүй шахам нэг л хоосон юм шиг орон зайг цогцлоосон энэ өрөөн дотор холхиж нааш, цааш хэсэг алхсанаа цонхны зүг чиглэв. Цонхон дээр улаан хавтастай жижигхэн шүлгийн ном харагдана. Номыг авч хайш яайшхан эргүүлээд нэгэн хуудсыг нээлээ. “Жижигхэн мөрөөдөл тээгээд жирийн өдрүүддээ уусах уу
Хар, цагаан, бас улаан өнгүүд нийгмээр нэг хөвөрсөөр...
Хачин болчимгүй бас увиагүй үйлдлүүдийг энэ нийгэмд зөвшөөрөх
Хамгийн их тэвчээрийг хаанаас би олох вэ
Тэр үед би энэ “би”-ээрээ оршин байж чадах болов уу” гэх шүлгийн мөрүүд нүдний өмнө дурайна.
Нээрэн... Үгүй, энэ чинь намайг хэлчихсэн юм бишүү?
Үнэндээ. Гүнбилэг яг л ингэж жирийн өдрүүдтэйгээ уусаж, бас эвлэрч ирсэн. Тэр бүх зүйлийг дэндүү энгийн, дэндүү хялбар, тэгээд өөрөөсөө ямар ч хүчин чармайлт, ямар ч өөрийн гэсэн оролдлого гаргаж өөрийн хэн болох, юунд тэмүүлж буйгаа ч илэрхийлж, ядаж өөрөө өөртөө итгүүлж чадаагүй.
Бид... Бидний ихэнх нь. Хэн ч байсан ялгаагүй эрэгтэй, эмэгтэй гэлтгүй яг л ийм орчны хүлээсэнд гэхдээ бүүр материаллаг зүйлсийн хүлээсэнд дэндүү орчихсон явдаг шүү дээ. Хүн хамгийн гол нь дотоод бодол, оюун санаандаа өөрийн гэсэн эрх чөлөө, үзэл бодол, зорилго тэмүүлэлтэй байх ёстой. Тэгж байж л хүрээлэн буй орчны элдэв хүлээснээс ангижирна. Жинхэнэ хүний мөн чанар, хүний сэтгэхүйн дотоод эрх чөлөөнд хүрнэ. Тэрнээс биш хураасан эд баялаг, хураах эд баялагтаа хэт төвлөрөх юм бол хүний мөн чанар, хүсэл бодролыг хэзээ ч бүрэн гүйцэд тусгаж, чиглүүлж чадахгүй гэх ухагдахуун байдаг шүү дээ.
ххххххх
Үүнээс хойш дахиад таван жил болов. Гүнбилэгийн амьдралд маш олон өөрчлөлт гарсан байлаа. Тэрээр өөрийн гэсэн эрхэлсэн ажилтай ч болсон, бас энэ завсраар гэр орон, үр хүүхдээ өсгөх, хань ижилдээ халамж анхаарал тавих гээд олон олон зүйлийг тэр амжуулж явна. Түүний энэ л амьдралаас үнэхээр аз жаргалын оч гээчийг мэдэрч болохоор байлаа. Өдрөөс өдөрт өсөн торних үрээ хараад хязгааргүйн орон зайд умбах түүний харцнаас аз жаргал тэгээд бас амьдралын төлөөх тэмцэл мэдрэгдэх шиг.
Тэр ингэж л амьдралынхаа утга учир, зорилго мөрөөдлөө олсон. Тэртээх тэнгэрийн хязгаарт намуухнаар хөврөх хөвөн цагаан үүлс шиг амгалан тогтууныг амьдралдаа бас зүрх сэтгэлийнхээ мөн чанарт олж авсандаа Гүнбилэг энэ л ухагдахууныг хамгаас илүүтэй мэдэрч байх шиг. “Хүний амьдрал гэдэг үнэндээ хязгааргүйн орон зай хэдий ч, тэр хязгаарын үзүүр, хязгаарын эхлэл төгсгөлийг бид өөрөө өөрсдөө л эхлүүлж бас зангиддаг юм шүү дээ”...
“Алтайн дуулал” амжилттай болж өндөрлөлөө | ||
Үзсэн: 1995 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.