Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, 2027 оны хөгжлийн төлөвлөгөө, мөн оны нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хуульд заасан үндэслэлээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас эдгээр төслүүдийг тавдугаар сарын 01-ний дотор УИХ-д өргөн барьж, зургаадугаар сарын 01 гэхэд УИХ-аар эцэслэн батлах ёстой. Төсвийн төсөөлөл батлагдсаны дараа Сангийн яам 2027 оны төсвийн төслийг есдүгээр сард багтаан боловсруулж, УИХ-д өргөн барих юм.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлэхдээ “Монгол Улсын эдийн засаг 2025 оны 6.8 хувиар өссөн гүйцэтгэл гарлаа. Үүний 3.2 хувийг хөдөө аж ахуйн 33.2 хувь болон уул уурхайн 10 хувийн өсөлт бүрдүүллээ. Оюу толгойн уурхайн зэсийн агууламж болон биет хэмжээнд орсон өөрчлөлтөөс үүдэн өсөлт ажиглагдлаа. Бусад салбарын өсөлт нийлээд 3.6 хувьтай буюу тооцоолсноос доогуур байна. Эдийн засгийн идэвхжил худалдаа, үйлчилгээ, тээврийн салбарт сул байгаа. Өрхийн орлого улсын хэмжээнд 5.0 хувь байгаа бол Улаанбаатар хотод 2.2 буюу хамгийн бага. Харин орон нутагт 10 хувийн өсөлттэй гарсан нь мал аж ахуйн гаралтай түүхий эд, ноос, ноолуурын үнийн өсөлтөөс шалтгаалсан.

Цалингийн өсөлт инфляцтай харьцуулахад 15 хувьтай гарч, харин тэтгэвэр, тэтгэмж 3.2 хувиар буурав. Ахмадуудад ачаалал болсон гэсэн үг. 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар инфляц 7.4 хувьтай байгаа бол түүн дотроо хүнсний бүтээгдэхүүний инфляц 14 хувиар нэмэгдсэн нь онцгой анхаарал хандуулах асуудал юм. Мах, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүний өсөлт хүнсний инфляц өсөхөд нөлөөлсөн бол Ойрх-Дорнодын нөхцөл байдлаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлт Монголын эдийн засагт нөлөөлж эхэлж байна.
Улирлын чанартайгаар сүүлийн гурван сард махны үнэ нэмэгдсэнээс гадна гадаад зах зээлд манай махан бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгдсэн. Хэрэглээний зээл 9 хувийн өсөлттэй буюу багасч, бизнесийн зээл 20 гаруй хувийн өсөлттэй байгаа сайн мэдээ өнгөрсөн гурван сард ажиглагдлаа. Чанаргүй зээлийн үлдэгдэл 2025 оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд буюу 5.1 хувьтай байна. Гадаад валютын албан нөөц сүүлийн жилүүдэд тогтвортой байснаар төгрөгийн ханшийг алдахгүй барьж чадаж буйг дуулгая.
Төсвийн орлого эхний гурван сарын байдлаар 6.3 их наядад хүрсэн. Эдийн засаг муудаж, төсвийн орлого багассан гэдэг мэдээлэл нь үндэслэлгүй, харин ч өнгөрсөн оныхоос 153 тэрбум төгрөг буюу 2.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Гэхдээ багш, эмч нарын цалингийн нэмэгдэл, тэтгэврийн өсөлт зэргээс шалтгаалж төсвийн урсгал зардал 7.7 их наяд болов. Энэ нь өмнөх оноос 2.2 их наяд буюу 17.2 хувиар нэмэгдсэнд анхаарлаа хандуулж байна” гэв. Монгол Улсын экспортын орлого нэмэгдсэн сайн мэдээг мөн энэ үеэр онцоллоо.
Өөрөөр хэлбэл, 5 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт харуулахад нүүрс, зэсийн экспортын өсөлт голлон нөлөөлжээ. Монгол Улс 2026 оны эхний таван сарын байдлаар 40.5 сая тонн нүүрс экспортолж, 71 хувийн өсөлт үзүүлсэн бол зэсийнх 870 мянган тоннд хүрч, өмнөх оноос 40 хувиар өсчээ. Харин импорт 3.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 3.1 хувиар багасахад ачаа тээвэр, суудлын автомашин, цахилгаан бараа, тоног төхөөрөмжийн импортын бууралт нөлөөлснийг хэлж байлаа. Монгол Улс сардаа 250 мянган тонн шатах, тослох материал, нефтийн бүтээгдэхүүн импортлоход 200 гаруй сая ам.долларын төлбөр төлж байсан бол энэхүү төлбөрт нэмэгдэл үүсэж, дарамт учирч буйг цаашдаа анхаарч явна гэлээ.

Эдийн засгийн нөхцөл байдлаа бүхлээр нь дүгнэж үзээд цаашдаа зургаан асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллахаар болжээ.
Тодруулбал,
- 2026 онд эдийн засгийн өсөлт 6.8 хувьтай байгаа ч худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт муу байгааг засах
- Хүнсний инфляцид онцгой анхаарах, Ойрх-Дорнодод үүссэн нөхцөл байдлын эрсдэлийн улмаас импортын гаралтай инфляцид ирэх хүчтэй шоконд анхаарах
- 7.1 тэрбум болж өндөр өсөлт үзүүлсэн экспортын сэргэлтэд голлох нөлөө үзүүлсэн биржийн арилжааг тогтвортой явуулах
- Гадаад валютын албан нөөцийн тогтвортой байдлыг хадгалах
- Төсвийн орлогын гүйцэтгэл өндөр байгаа ч урсгал зардал нэмэгдэж буйд анхаарч, өсөлтийг хязгаарласан эрхзүй, бүтцийн эрс шинэчлэл хийх
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт, ашигт малтмалын зэрэг нэн чухал хуулийн төслүүдээ батлахаас гадна гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон асуудлуудыг нэг мөр цэгцлэх зэрэг ажлуудад тус, тус анхаарна гэсэн юм.
Эдийн засгийн хөгжлийн яамнаас 2027-2029 онуудад эдийн засгийн өсөлт, инфляц, тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, суурь зарлага, Засгийн газрын өр зэрэг нийт есөн үзүүлэлтийг Төсвийн хүрээний мэдэгдлийн хуулийн төсөлд тусгаснаас гадна Монгол Улсын эдийн засагт өндөр өсөлт үзүүлж буй хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, худалдаа үйлчилгээний салбаруудад ямар ажлууд хийх вэ гэдгээ салбар нэг бүрээр нь тооцоолон гаргажээ. Тухайлбал, ирэх гурван жилд эдийн засгийн өсөлтийг 5.7-гоос 6.3 хувьд хүргэх бол тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наядаас 41 их наядад хүргэж, зарлагыг 32 их наядаас 40 их наяд руу хүргэснээр тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их наядаас бууруулан 707 сая төгрөгт буюу ДНБ-ий 0.5 хувьд хүргэж бууруулна гэсэн төсөөллөө танилцуулав.
Ирэх онд 90 сая тонн нүүрс экспортод гаргахаас гадна
- Геологи хайгуулын ажилд шинэ хөрөнгө оруулалт татах
- Ашигт малтмалын хуулийг шинэчлэх
- Алтны үндсэн ордуудын олборлолтыг нэмэгдүүлэх
- Зэсийн 20 хувийн АМНАТ бууруулах
- Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна сорчлохгүй олборлох
- Цагаандэлийн боомтыг ашиглалтад оруулах
- Шивээхүрэн, Бичигт, Булган боомтуудын ухаалаг гарцын автоматжуулалтыг 2026 онд багтаан иж бүрэн хэрэгжүүлэх
- Хил гаалийн ажилтнуудын тоог нэмэхээс гадна амралтын өдрүүдэд ажилладаг болох
- “Оюу толгой” ХХК-ийн шинэчилсэн ТЭЗҮ, татварын маргааныг эцэслэх
- “Эрдэнэт” ТӨҮГ-ын эзэмшлийн 7 тусгай зөвшөөрөлтэй ордын хөрөнгө оруулалт нэмэгдэх
- Нөөц нь тогтоогдсон 21 ордын хөрөнгө оруулалт нэмэгдэх
- УБТЗ-ын зорчигч тээврийг үе шаттай зогсоож, ачаа тээврийг нэмэх
- Төмрийн хүдрийг дотоодод худалдах
- Газрын тосны компаниудын маргааныг эцэслэх
- Эрдэнэбүрэн, Тавантолгой, Эгийн голын цахилгаан станцуудын ажлыг эрчимтэй явуулах
- Хүнсний хувьсгал, Цагаан алт хөтөлбөрийг тууштай дэмжих
- Чөлөөт бүсүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг найман салбарт тухайлсан ажлуудыг эрчимтэй хийж, хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлтийг хангах төсөөлөл боловсруулсан байна.

| Ж.Энхбаяр: Экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт үзүүллээ | ||
| Үзсэн: 69 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.