Шууд Chart

Ц.Шинэн: Айл гэр болохдоо ааваасаа гурван тэмээ өмчилсөн ч өдгөө 3000 орчим болтол өсгөлөө

2020-02-18 08:55:46

Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, Монгол Улсын гавьяат малчин Цэдэвийн Шинэнг нийслэлд түр орж ирээд байхад нь уулзаж ярилцав. Тэрбээр өдгөө 1000 гаруй тэмээтэй бөгөөд үүлдэрлэг байдлыг нь улам чанаржуулахын төлөө ажилласаар авай.

“Улаан ном”-онд бичигдэж мэдэхээр болтлоо тоо толгой нь цөөрч буй хоёр бөхт тэмээтэй амьдралаа хэрхэн холбосныг нь ч сонирхсон юм.   

-Танай нутгаар өвөлжөө ямархуу байна вэ. Саяхан орсон цас их унав уу?

-Энэ жил сайхан өвөл болж байна. Гэхдээ өвс л жаахан муухан юм. Намрын улирал сайхан байсан ч ойр хавиар бог мал олон байсан тул талхалчих юм аа.

-Тэмээгээ хаана оторлож байгаа вэ?

-Өмнөговь аймгийн Гурвантэс суманд өвөлжүүлж байгаа. Тэнд өвөлжөө аятай байна билээ.  

-Мал тооллого өнгөрсөн намар улс даяар болж өнгөрсөн. Энэ жил та хэдэн тэмээ тоолуулав?

-1000 гаруйг тоолуулсан. Хүүхдүүддээ 1000 нэлээн гаруйг өмчилж өгсөн л дөө. Тэдгээрийг нэгтгэвэл 3000 орчим болно.  

-Танайх таван хүүхэдтэй гэсэн. Бүгд өв залгамжилсан малчин болсон уу?

-Бүх хүүхдээ их дээд сургууль төгсгөж, мэргэжилтэй болгосон ч ганц хүү маань ХААИС-ийг төгсч ирээд одоо надтай хамт тэмээ хариулж байна. Дөрвөн охин маань нийслэл болон сумынхаа төвд ажиллаж байгаа. Гэхдээ тэд зөвхөн ажил гээд буруу харчихгүй. Чөлөө заваараа малын ажилд элбэлцэж л байна.

-Малчид ихэвчлэн адуу, хонио өсгөж байх шиг харагддаг. Харин та чухам яагаад тэмээг онцлов?

-Хоёр бөхтэй тэмээ гэдэг амьтан дэлхий дахинаа маш ховордож байна. Тиймээс би хувь хүн талаасаа ч болтугай энэ талд чадах чинээгээрээ оролцъё гэж бодсон юм. Тухайн үед Э.Энхбаяр гуайг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байхад Төрийн ордонд уулзахдаа “Улсдаа анхны мянгат тэмээчин болно” гэсэн амлалт өгч байлаа. Тэр амлалтаа ч 2010 оны оны эхээр биелүүлж, одоо нэг дахин илүү өсгөөд байна. Тэгээд ч таваарлаг, тэсвэртэй амьтан л даа. 100 км туухад ганцхан хоноод л хүрчихнэ. Харин бог малыг энэ хэмжээний газар туувал нэлээн хэд хононо. Муугаар ярихад цасан шуурга боллоо гэхэд хонь малчин хүнээ заавал араасаа явуулна. Харин тэмээтэй хүн гэртээ байж л байна. Шуурга намжсаны дараа явахад зогсч байсан газраасаа бараг холдоогүй байж байдаг.

-Та айл болохдоо хэдэн тэмээтэй байсан бэ?

-Би өмч хувьчлалаар ганц ч тэмээ аваагүй. Ааваасаа л гурван тэмээ авч, айл болсон. Хүмүүсээс тором, ботго ч худалдаж авч байсан үе бий. Тэгж л өнөөдрийн энэ зэрэгт хүрсэн дээ.

-Тэмээ гэдэг амьтан бусад мал шиг жил бүр төллөдөггүй. Тэгэхээр богино хугацаанд өсгөх амар байдаггүй болов уу?

-Тийм ээ, хоёр жилд нэг удаа төллөдөг мал. Гэхдээ бойжуулахад тэсвэртэй амьтан. Зуд зурханд хурга, ишиг шиг олноор үрэгдээд байхгүй. Ботгыг анхнаас нь зөв аргаар бойжуулаад бусадтай нийлүүлчихвэл давгүй болчихдог. Бусадтай нь хамаагүй нийлүүлчихвэл аль нэг ингэ өөр ингэний ботго солиод авчих гээд байх талтай. Тавар, тийрээд үрэгдүүлчих ч тохиолдол бий. Энэ бүхнийг малчин хүн нь л харж, ая байдлыг нь зохицуулна даа.       

-Энэ хавар та хэдэн ботго хүлээж авах вэ?

-300 нэлээн гаруй ингэ ботголно. Хүүгийн тэмээнээс 100 гаруй нь төллөх байх.

-Нэг бууранд хэдэн ингэ нийлүүлбэл тохиромжтой байдаг вэ?

-Тухайн буурны тарга тэвээрэг, өнгө зүсмээс шалтгаална. Дээд үеийн эрлийз буур жилд 50 төл өгдөг бол доод тал 15 ингэ хураадаг.

-Тэмээний дээд ханш хэд хүрч байна вэ?

-Сүүлийн үед гайгүй өсч байна шүү. Ялангуяа уядаг тэмээнийх. Аль ч уралдаанд сойход дээгүүр байр эзэлнэ гэсэн тэмээний ханш 5-10 сая төгрөгийн үнэд хүрч байна. Ингэж өсөх нь ч арга үгүй юм. Учир нь өнгөрсөн жил манай нутагт болсон аймгийн бүсийн тэмээний уралдаанд түрүүлсэн тэмээчний эзэн бай шагналдаа бидний хэлдгээр амьжиргаа цагаан автомашин гардаж байна билээ. Энэ жил ч ялгаагүй. Үүнд 100 гаруй тэмээ уралддаг.  

-Танайх жилд сүү сааль, ноосны хувьд хэдэн тонныг авдаг вэ?

-Газрын гарцаас шалтгаалаад сүү сааль хэмжигдэнэ. Сайн гарцтай үед зарим ботгоо уяж, ихийг нь номрхуулах, сургах журмаар саадаг. Бүгдийг нь бол яагаад ч амжихгүй юм. Манай нутгийнхан Ламын гэгээний улаан тэмээний үүлдрээ батлах гээд өнгөрсөн жил хэмжихэд нэг ингэнээс 1-3 лирт сүү гарч байсан. Ноосны хувьд жилд 6-7 тонныг авдаг. Хоёр жилийн өмнө нэг кг ноос 15 мянга хүрч байсан бол өнгөрсөн жил нэлээн бууж, 5000 орчим болсон. Харин энэ жил яах юм, бүү мэд. Уг нь малчдынхаа хүч хөдөлмөрийг үнэлж, гайгүй үнэд нь баримаар л байгаа юм даа.   

-Танайх ямар ямар үүлдрийн бууртай вэ?

-Монгол Улсад дөрвөн үүлдэр батлагдсан. Тодруулбал Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн, Дөхөм тунгалагийн хос зогдорт, Ламын гэгээний улаан гэж бий. Манайд эдгээр үүлдрээс бүгд байгаа. Үүнээс гадна нутгийн шилмэл омог бий. Миний хувьд тэмээнийхээ үүлдэр угсааг сайжруулах талд нэлээн анхаарч байна.  

-Та хамгийн хурдан тэмээтэйгээрээ Улсын алдарт уяач цол хүртсэн байна билээ ...

-Тийм. Одоогоор би л энэ цолыг хүртсэн тэмээчин болж байна. Улс, бүсийн чанартай тэмээний уралдаан их болдог болсон. Тэгэхээр уг цолыг олон хүн хүртэх байх аа.  

-Азарга нэг, хоёрдугаар үеийн байдсаа хураадаггүй. Харин буур яадаг юм бол ...

-Ботголоогүй үед нь хөөж хасах тал бий. Харин ботголчихсон тохиолдолд хасдаггүй. Хамгийн гол нь цусыг нь сэлбэх үүднээс эзэн хүн энэ талд сайн ажиллаж, зохицуулах хэрэгтэй.

-Нас, бие гүйцсэн ат хамгийн дээд тал нь хэдэн кг байдаг вэ?

-Миний дээр хэлсэн дөрвөн үүлдрийн тэмээг хэмжсэн хүмүүс гэрт ирж, манай тэмээг жимжчихээд “Танай тэмээг гүйцэхгүй юм байна шүү” гэж хэлж байсан. Уг нь би тийм ч том тэмээгээ барьж хэмжүүлээгүй л юм. Тэгэхэд 910 кг болж байсан. Шилж барих юм бол ямар ч байсан 1тонн хүрэх юм билээ. Гэхдээ хавар уу, намар уу гэдэг өөр л дөө. 910 кг хүрч байна гэх үед намрын улирал таарч байсан юм. Мөн цагаан өвсөөр үү хооллодог уу, шорвог идэштэй юу гэдгээс харилцан адилгүй. Манай тэмээ цагаан өвсөөр ихэвчлэн хооллодог болохоор мах сайтай байдаг. Шорвог идэштэй тэмээ гэдэс томтой болохоос биш мах багатай.

-Зуны улиралд танайх ботгоо барьж хоормогоо уухаас гадна гүүгээ барьж амждаг уу?

-Тэгж амждаггүй юм аа. Харин тугалаа сайн барьдаг. Тэгэхгүй бол үхэр гэдэг чинь нэг догширчих юм бол дийлддэггүй амьтан шүү дээ. Мөн тэмээ рүүгээ ихэвчлэн анхаардаг.

-Туслах малчин байдаг байлгүй ...

-Байгаа. Гэхдээ бог малаа л харуулдаг. Тэмээ, үхэр, адуугаа би хүүхдүүд, дүү нартайгаа харчихдаг. 200 орчим адуу, 100 гаруй үхэр, 1000 орчим богтой.

-Та Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт “1000 тэмээчин болно” гэсэн амлалтаа 100 хувь биелүүлж, өдгөө (хүүгийнхтэйгээ нийлээд) 2000 болгожээ. Дараагийн тань зорилго юу вэ?

-Одоо би сүрхий зорилго тавих нь ч юу юм. Малынхаа тоо, толгойг өсгөөд, хариуцаад авч явах хүүхдүүддээ л өвлүүлэх минь гол зорилго болж байна. Олон жилийн хөдөлмөрөө үрэн таран хийхийг хүсэхгүй байна. Үүлдэр угсааг нь улам сайжруулахад л болно доо.

-Таныг сумын заан цолтой гэж сонссон. Хэдэн онд, аль суманд хүртсэн бэ?

-Одооны мэргэжлийн шахуу болчихсон залуучуудтай харьцуулахад бидний үе өөр байсан л даа. Малаа хариулж яваад л долоодугаар сарын 11, 12-нд сумынхаа наадамд зодоглодог байсан. 1994 онд төрөлх сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн. Тэр үед бүх сумын наадам зөвхөн долоодугаар сарын 11, 12-нд болдог байлаа. Одоо бол зуны хэдэн сард ч хамаагүй болдог болсон байна шүү дээ. Намайг залууд сумын наадам өөр өөр өдөр болдог байсан бол нэгнээс нь гараад нөгөө рүү давхиж очоод барилдах боломжтой байж (инээв). Гэхдээ над шиг хүмүүс даанч малынхаа ажлаас хөндийрч чадахгүйгээс гадна унаа тэрэгний асуудал их байлаа даа.

-Ярилцсанд баярлалаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Шинэн: Айл гэр болохдоо ааваасаа гурван тэмээ өмчилсөн ч өдгөө 3000 орчим болтол өсгөлөө  
Үзсэн: 19067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Дэвших [127.0.0.xxx] 2020-02-21 11:09
Хийж бүтээсэн зүйлээрээ үлгэр жишээ бна гэдэг хамгийн сайхан шүү дээ Олон залуучууд энэ хүнээс үлгэр дуурайлал урам зориг авч бгаа бхаа.Эрүүл энх сайн сайхнийг хүсэн ерөөе
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 22:03
Ulam ih amjilt hvsie..tvmen temeetei bolohyg eruue..tw-r harj bsan zorisondo hvrsen bna
Mundag ax yumaa [127.0.0.xxx] 2020-02-20 00:00
Ta chi bas saixsn at shig tsaraitsi ax bna shvv
Mundag ax yumaa [127.0.0.xxx] 2020-02-19 23:59
Buyan zaya ni delgerch yavaarai ax min. Chaddag yumaaraa amidrax saixan yumaa
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 22:20
Алдарт тэмээчин хорвоод хосгүй амжилтын эзэн бараг үлгэр домогийн баатар гэмээр анд нөхөр минь хотод ирсэн байгаа юм уу сайхан өвөлжиж байна уу танд бролон таны гэр бүлийнхэнд нрүүл энх аз жаргалыг билэгдье сайхан шинэлээрэй
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 13:49
Augaa hodolmor ger bvl yumaa ta bvhend sain saihniig hvsen erooeee deer ved Mongolchuud etseg ehiinhee ogson omchiig golj boldoggvi gej yriltsdag bsan eej aaviinh n ogson hishig n arvijan saihan osoj vrjjee
Зочин [127.0.0.xxx] 2020-02-18 21:50
Awarga temeechin Shine ahdaa ulam ih amjilt hvsen hodolmoriin baatar bolohiin erool tawiya
Зочин [127.0.0.xxx] 2020-02-18 18:37
mundag hvn shvv amjilt hvsie
Зочин [127.0.0.xxx] 2020-02-18 16:17
yamar goe ger byl ve, iim ajilsag saihan hymyys mongoliin ner hynded ih noloolj baina , amjilt az jargal hysie
Зочин [127.0.0.xxx] 2020-02-18 15:33
Тэмээний амьдын ашиг шимийг нэмэгдүүлэхэд манай эрдэмтэд, судлаачид , бизнесийхэн гайгүй ажиллаж бөйгаа юм билээ. Шинэн гуай сайхан буяныг үржүүлж байгаа ард түмэнд хэрэгтэй танд амжилт хүсье
иргэн [127.0.0.xxx] 2020-02-18 15:22
Монгол хүн ийм байгууштай
Монгол хүү [127.0.0.xxx] 2020-02-18 15:17
Сайхан буян тогтоосон мянгат малчин байна аа, Та минь сайхан шинэлээрэй.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-18 11:23
Мундаг хөдөлмөрч байнаа.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-18 09:44
Малын тоонд биш сүргийн бүтцийг сайжруулахад анхаарах хэрэгтэй бна манай малчид. За тэмээ бол яах вэ? Өсгөхөөс өөр арга байхгүй. Гадаадад манай малын гарлын бүтээгдэхүүн яагаад гаргаж болдоггүй вэ? гэсэн, малын бэлчээрийн даац хэтэрсэн тул мал, мах, малын гарлын бусад цагаан идээ, арьс шир, ноосны чанар муу байдаг тул гадныхан авдаггүй. Иймд бид бэлчээрийн даацыг багасгахын тулд малын тоог өсгөх биш, сүргийн бүтцээ сайжруулж цөөн чанартай малтөй болох нь чухал бна.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-18 23:47
Хугас өдөр мал дагаж үзээгүй Хотын төвийн онолчин минь бүү мэдэмхийр, Монгол малын мах сүү цагаан идээ ноос чанаргүй гэдэг чинь сурталчилаж чадахгүйд бга юм
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 09:05
Тийм шүү. Бэлчээрийн мал мах сүү идээ хамгийн эрүүл эко гэдэг н улам бүр нотлогдоод байхад энэ мэдэмхий пицданууд худлаа хөгжил ярьж пэд пэд үсэрхийг н яана.

Бидэнтэй нэгдээрэй