Иран улс дахь коронавирусний тархалттай холбоотой мэдээллийг товч хүргэе. Ираны төрийн телевизийн дамжуулсаар тус улсад КОВИД-19 вирусний халдварыг авсан 2 өвчтөн амиа алдаад байна. Өнөөдөр Иранд парламентын сонгууль явагдана. Энэ нь шинэ коронавирусний тархалтын эрсдэлийг нэмэгдүүлж магадгүй байгаа юм.
Ираны 7 дахь том хот болох Комд ахимаг насны 2 иргэн коронавирусний халдвар авсан тогтоогдсоны дараагаар удалгүй амиа алдсан байна. Тус улсын хэвлэлийн дамжуулснаар Иран улсад СОVID-19 вирусээр амиа алдсан анхны тохиолдол пүрэв гарагт ийнхүү бүртгэгджээ. Мөн Ком хотод өөр гурван ч хүнээс шинэ коронавирусний халдвар илэрчээ. Дээрх иргэдийн нэг нь эмч мэргэжилтэй, өвчтөнүүдийг тусгаарлан, эмчилгээнд хамруулж эхэлжээ. Өнөөдөр Иран улсад парламентын сонгуулийн санал хураалт явагдана. Сонгуулийн үеэр иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, санал хураах цэгүүдэд олон зуун хүн цугларна. Энэ нь Иран дахь коронавирусний тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй талаар мэргэжилтнүүд анхааруулж байна. Ком хотын их сургуулийн зүгээс иргэдийг гараа тогтмол угааж, ханиалгаж, халуурч байгаа хүнтэй ойроос харьцахгүй байхыг зөвлөжээ.
Сонирхуулахад Ираны энэ жилийн парламентын сонгуульд 7100 нэр дэвшигч оролцож, 290 суудлын төлөө өрсөлдөж байгаа юм. Ийнхүү Иранд коронавирусний халдвар бүртгэгдсэн нь хил залгаа орнуудыг түгшээж байна. Ирак улс Ирантай залгаа хилээ гурван өдрийн турш хааж, Ираны иргэдийг Ирак уруу нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ. Харин одоогоор Иранд байгаа Иракийн иргэд эх оронгоо эргэн нэвтрэхийг зөвшөөрчээ. Гэхдээ дээрх иргэдийг Иракт ирсний дараагаар 14 хоногийн хугацаанд хөл хорионд байлгах талаар Иракийн засгийн газраас мэдээллээ.
| Ирак Ирантай залгаа хилээ хаана | ||
| Үзсэн: 1245 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.