Шууд Chart

Эрчим хүчний шилжилтийн стратегийг хэрэгжүүлэх талаар санал солилцов

2026-08-27 13:54:19

COP17 бага хурлын үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бодлого, хөтөлбөрийн дэмжлэгийн газрын захирал Маркос Нето, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Лионел Лоренс, Уур амьсгалын санхүүжилт, хөгжлийн эдийн засагч Фируз Саидхаджаев нартай уулзлаа.

Энэ үеэр эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) нь сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжих чиглэлээр Эрчим хүчний яамны стратегийн түншээр ажиллаж байгаад сайд Б.Найдалаа талархал илэрхийлэв. Тус байгуулага нь бодлого, эрх зүйн шинэчлэл, институцийн чадавхыг бэхжүүлэх, тогтвортой санхүүжилтийн механизм, шинэлэг технологийн шийдлүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн Эрчим хүчний ногоон шилжилтийн стратегийг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгаа юм. 

Тухайлбал, бодлого, зохицуулалт, стратегийн дэмжлэг чиглэлээр Эрчим хүчний салбарын зохицуулалтын туршилтын орчин (Energy Sector Regulatory Sandbox)-ы хүрээг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн юм. Энэхүү хүрээ нь шинэ технологи, дижитал шийдэл, бизнесийн загваруудыг өргөн хүрээнд нэвтрүүлэхээс өмнө зохицуулалтын хяналтын дор турших олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн механизмыг Монголд анх удаа нэвтрүүлж байгаа гэдгээрээ онцлог. Монгол Улсад хүйтэн өвөл болдог, тархан суурьшдаг тул өөрийн онцлогт тохирох шинэ технологи, шийдлийг туршин нэвтрүүлэхэд дээрх зохицуулалтын туршилтын орчин чухал гэдгийг сайд Б.Найдалаа онцолж буй. 

Эрчим хүчний яамнаас “Эрчим хүчний шилжилтийн стратеги 2026-2050” баримт бичгийн төслийг олон нийтэд энэ долоо хоногийн эхээр танилцуулсан. Эрчим хүчний шилжилтийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь чухал болохыг харгалзан НҮБХХ нь Эрчим хүчний яамтай хамтран “Шударга эрчим хүчний шилжилтийн ур чадварын хэрэгцээний үндэсний үнэлгээ”-г хийж байгаа юм. Уг үнэлгээгээр дээрх стратегийн хүрээнд өнөөгийн болон ирээдүйн ажиллах хүчний хэрэгцээг үнэлж, хүний нөөцийг хөгжүүлэх, давтан сургах (reskilling), ур чадварыг дээшлүүлэх (upskilling) хөтөлбөрүүдийн талаар нотолгоонд суурилсан зөвлөмж боловсруулна. Хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэхэд талууд санал нэгдэн, эрчим хүчний шилжилтийн стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ НҮБХХ-өөс илэрхийллээ гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 

Нийтэлсэн: COP17 Mongolia

Эрчим хүчний шилжилтийн стратегийг хэрэгжүүлэх талаар санал солилцов  
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй