Шууд Chart

Өмнөд Каролина мужийн сунгаанд Жо Байден ялалт байгууллаа

2020-03-02 12:33:31

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах ээлжит сунгаа Өмнөд Каролина мужид явагдлаа. Америкийн дэд ерөнхийлөгч асан Жо Байден Өмнөд Каролина мужийн сунгаанд ялалт байгуулаад байна.

2020 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах сунгаа дөрөв дэх мужид зохион байгуулагдаад байна. Үүнээс өмнө Нью-Хэмпшир, Айова болон Невада гэсэн гурван мужид Америкийн ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дундах сунгаа явагдсан юм. Тэгвэл Өмнөд Каролина мужийн сунгаанд дэд ерөнхийлөгч асан Жо Байден ялалт байгуулаад байна. Их сунгаа эхэлснээс хойш Жо Байден анхны ялалтаа байгуулж байгаа нь энэ юм.

Саналын хуудасны 90 хувийг тоолсны дараах байдлаар Жо Байден 49 хувийн  дэмжлэгийг авч тэргүүлж байгаа бол Вермонт мужийн сенатч Берни Сандерс  хоёр дугаарт бичигдэж байна. Энэ үйл явдалтай холбогдуулж Жо Байден твиттер хуудсаараа дамжуулан Өмнөд Каролина мужийн дэмжигчиддээ талархал илэрхийлснээс гадна Ардчилсан намын сунгаанд ялалт байгуулж, Ерөнхийлөгч Доналд Трампыг мөн ялна гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлжээ.  Өмнөд Каролина мужийн таван өнгөт арьст сонгогч бүрийн 3 нь Жо Байдены төлөө саналаа өгчээ. Тэрээр Африкийн Америкчуудын дунд өндөр нэр хүндтэй нэгэн гэдгийг энэ үйл явдал харуулжээ. Барак Обама цагаан ордны тэргүүнээр ажиллаж байх үед дэд ерөнхийлөгчийн албыг хашиж  байсан Жо Байден өмнөх сунгаануудад тийм ч амжилттай оролцож чадаагүй юм.  Тэрээр Нью-Хэмпшир мужийн  сунгаанд 5-т орсон бол Айова мужийн сунгаанд 4-р байрт бичигдсэн юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Каролина мужийн сунгаанд Жо Байден ялалт байгууллаа  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй