Шууд Chart

Балба, Хятадын хил орчимд болсон үер, хөрсний гулгалтын уршгаар 160 гаруй хүн амиа алджээ

2026-08-27 11:03:43

Балбын хойд нутаг болон БНХАУ-ын Төвөдийн хил орчмын бүсэд наймдугаар сарын 26-нд хүчтэй үер болж, 160 гаруй хүн амиа алдан, олон зуун хүн сураггүй болжээ. 

Гамшиг Гималайн нурууны өндөрлөг хэсэгт мөсөн голын доод хэсэг нурж, их хэмжээний мөс, хад чулуу уулын хөндий рүү бууснаас эхэлсэн гэж судлаачид үзэж байна. Үүний улмаас хөрсний гулгалт үүсэж, Лхенде голоор асар их ус, хөрс, чулуу доошлон Балба болон Төвөдийн хил орчмын суурингуудыг дайрчээ.

АНУ-ын Геологийн алба тухайн үед бүртгэгдсэн 4.4 магнитудын хүчтэй чичирхийллийг эхэндээ газар хөдлөлт гэж тэмдэглэсэн ч дараа нь мөсөн гол, хад чулуу нурсан хөдөлгөөнөөс үүссэн газар доргилт болохыг тогтоосон байна. Иймээс гамшгийн үндсэн шалтгааныг мөсөн голын нуралттай холбон тайлбарлажээ.

Балбын цагдаагийн хамгийн сүүлийн мэдээллээр 162 хүн амиа алдсан бол Хятадын төрийн “Синьхуа” агентлаг Төвөдийн талд 558 хүн сураггүй байгаа талаар мэдээлсэн байна.

Балбын аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр гамшигт өртсөн бүсэд 400 гаруй жуулчин сураггүй байгаа бөгөөд тэдний 340 гаруй нь гадаадын иргэн аж. Сураггүй хүмүүсийн дунд Энэтхэг, АНУ, Австрали, Их Британи, Канад, БНСУ, Япон болон бусад улсын иргэд багтжээ. Тэдний олонх нь Кайлаш уул, Манасаровар нуурын мөргөлийн болон аяллын чиглэлээр зорчиж явсан хүмүүс юм.

Үер Балбын Расува, Нувакот, Дадинг орчмын голын хөндийн суурингуудыг дайрч, орон сууц, авто зам, гүүр, автомашин, эрчим хүчний байгууламжуудыг сүйтгэсэн байна. Зарим сууринд цахилгаан, холбоо тасарч, авто замууд эвдэрснээс аврах ажиллагаа хүндрэлтэй үргэлжилж байгаа аж.

Хятадын Төвөдийн Жирон боомт мөн гамшигт хүчтэй өртжээ. Хөрсний гулгалтын улмаас боомт руу хүрэх авто зам, цахилгаан, холбооны шугамууд тасарч, зарим хэсэгт аврах баг нэвтрэх боломжгүй болсон талаар Хятадын тал мэдээлжээ.

НҮБ гамшигт өртсөн бүсэд тусламжийн бараа материал болон ажилтнуудаа дайчлахаа мэдэгдсэн бол Энэтхэг, БНСУ зэрэг улс аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлж эхэлжээ. Балба, Хятадын талд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа тул амь үрэгдсэн болон сураггүй болсон хүний тоо цаашид нэмэгдэхээр байна.


Балба, Хятадын хил орчимд болсон үер, хөрсний гулгалтын уршгаар 160 гаруй хүн амиа алджээ  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй