Шууд Chart

“Төрөөс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист тавьж буй хяналт, түүний үр дүн” сэдэвт аудитыг эхлүүллээ

2026-08-26 16:38:36

Үндэсний аудитын газраас “Төрөөс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист тавьж буй хяналт, түүний үр дүн” хийх аудитыг эхлүүллээ. Аудитын нээлтийг Нийцлийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Б.Баттуяа хийж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба болон холбогдох агентлагийн удирдлага, албан тушаалтнуудад аудитын зорилго, төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулав. Мөн аудит гүйцэтгэх явцад анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.

uploaded pictureАудитаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд төрөөс тавьж буй хяналтын хууль, эрх зүйн орчин бүрдсэн эсэх, мөн тусгай зөвшөөрөл, нэгдсэн бүртгэл, эм, бодис, түүхий эдийн бүртгэл, импорт, экспорт, олборлолт, үйлдвэрлэл, зарцуулалт, хадгалалт, худалдаа зэрэг үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо хэрхэн бүрдэж, хэрэгжиж байгааг үнэлж, дүгнэнэ.

Түүнээс гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих эрх бүхий байгууллагуудын 2024, 2025 оны үйл ажиллагаа, түүнчлэн хяналтын үр нөлөөг үнэлэхдээ сүүлийн таван жилийн мэдээлэл, судалгааг хамруулан авч үзэхээр төлөвлөжээ. Аудитыг энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гүйцэтгэж, аудитын үр дүн, дүгнэлтийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

uploaded picture


“Төрөөс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист тавьж буй хяналт, түүний үр дүн” сэдэвт аудитыг эхлүүллээ  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй