Шууд Chart

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо

2020-04-07 18:03:28

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.07) хуралдаан 12 цаг 40 минутад 68.4 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэв. Эхлээд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахал улс орнуудын нийгэм, эдийн засгийг тооцоолох боломжгүй хүндрэлд оруулж байна. Улс орнууд энэхүү халдварт өвчний улмаас үүссэн эрсдэлийг бууруулах чиглэлээр өөр өөрсдийн эдийн засгийн чадавх, нөөц боломждоо таарсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар өөрсдийн нөөц бололцоонд таарсан арга хэмжээг оны эхнээс үе шаттай авч хэрэгжүүлж байгааг Сангийн сайд танилцуулгынхаа эхэнд дурдав. Засгийн газраас монгол хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн тэргүүнд анхаарч ажиллаж байгаа гэв. Үүний зэрэгцээ ажлын байрыг хамгаалах, иргэдийн амьжиргаа, орлогыг дэмжих, хүүхдүүдэд анхаарах, эдийн засгийн хүндрэлээс сэргийлэх боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэлээ. Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгасан.

Тогтоол батлагдсантай холбогдуулан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах, зоогийн газар, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээний байгууллагууд, иргэний бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээг авсан. Төрийн байгууллагын шийдвэрээр тогтоосон хязгаарлалт нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл үйлчилгээний салбарын жижиг, дунд бизнес, улмаар өрх иргэдэд санхүүгийн тодорхой эрсдэл бий болгоод байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй болж байгаагаас гадна ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, цаашлаад ажлаас халах хүртэлх арга хэмжээг авч эхэлж байна.

Иймд хувийн хэвшлийн ажил олгогч ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хөнгөвчлөх, ажил олгогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алданги торгуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх бизнес эрхлэгчид ажилтнаа цалинжуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн үзжээ. Иймд коронавируст халдварын цар тахлын үеийн эрсдэлийг даван туулахаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх багц арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Үүнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд хамаарах 14 арга хэмжээг тодорхойлсон байна. Түүнчлэн төсөлд төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд төсвийн зарлагыг эрэмбэлэн санхүүжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг оновчтой удирдан зохион байгуулах, төсвийн аливаа мөнгөн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг Төрийн сангийн нэгдсэн дансанд төлвөрүүлэн удирдах зэргээр төсвийн үр ашгийг сайжруулж ажиллах талаар тусгасан.

Тогтоолын төсөл батлагдсанаар коронавируст халдварын цар тахлын үед аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр батлагдах хуулиудын хэрэгжилт эрчимжиж, төрийн санхүүгийн мөнгөн хөрөнгийг оновчтой, үр ашигтай удирдах боломж бүрдэх аж. 

Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Дамба-очир, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Б.Жавхлан, Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, Сангийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөс асуулт асууж, тодруулга хийсэн. Тухайлбал, төсвийн тодотгол хийхтэй холбоотой Д.Эрдэнэбат гишүүний тодруулгад Сангийн сайд хариулахдаа “Төсвийн тодотгол хийх нь хуулиар зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу тодорхой шаардлагууд үүсч байж төсвийн тодотгол хийнэ. Эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал 150 тэрбум төгрөг байна. Үүн дээр үндэслэн төсвийн тодотгол хийнэ гэвэл энэ нь хууль зөрчиж байгаа хэрэг. Цар тахлын онцгой нөхцөл байдал хэдий ч бид хуулийн хүрээнд ажиллах ёстой” гэлээ. Засгийн газар коронавируст халдварын цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг 1 жилээр тооцоолоон, зарим арга хэмжээг 3 сар, зарим арга хэмжээг 9, 12 сар хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байгаа гэв.  УИХ-ын гишүүн Д.Дамба-очир эдийн засгийг идэвхжүүлэх шаардлага бий гэдгийг сануулж, төсөв дэх тэвчиж болохуйц зардлуудыг хэмнэх боломжийн талаар тодрууллаа. Засгийн газар нэн тэргүүнд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бөгөөд үүний зэрэгцээ эдийн засгийг эрчимжүүлэх, томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлыг явуулах шаардлага бий гэдэгтэй санал нэг байгаагаа Сангийн сайд хэлсэн. Зам, боомтын бүтээн байгуулалт дээр ажиллах гадаад ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэг, хяналтад оруулж, холбогдох халдвар, хамгааллын арга хэмжээг өндөр түвшин авснаар ажиллуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа гэлээ. Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.17-д “төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийг бууруулах” гэж заасны дагуу Засгийн газар ийм горимд шилжин ажиллаж байгааг Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн. Зардлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэн эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тэтгэвэр, тэтгэмж, халамж, байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах цахилгаан, дулааны зардал зэргийг зайлшгүй олгоод явж байгаа гэв. Зарим төрлийн зардлын санхүүжилтийг бүрэн зогсоогоод байгааг тэрбээр хэллээ. Тухайлбал, гадаад дотоод томилолт, зочид төлөөлөгчдийн зардал, тавилга, эд хогшлын зардал, их завсар, хурал зөвлөгөөний зардал гэх зэрэг олон төрлийн тэвчиж болох зардлуудыг хэмнэх шийдвэр 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс хэрэгжээд ажиллаж байгаа гэлээ.

Ноолуурын асуудлаарх тодруулгад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хариулт, мэдээлэл өглөө. Засгийн газар ноолуурын үнэ ханшийг зохих түвшинд байлгах чиглэлд анхааран, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байгааг тэрбээр дурдав. Энэ жил улсын хэмжээнд 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх бөгөөд үүний 3000 тонныг дотоодын боловсруулах үйлдвэрүүд авч, гүн боловсруулна гэдэг тооцооллыг салбарын яам хийжээ. Хөгжлийн банкнаас 2020 онд 300 тэрбум төгрөгийн зээлийг үндэсний ноолуур бэлтгэгчдэд олгохоор шийдвэрлэсэн. Хөгжлийн банкны эл зээл 12 хувийн хүүтэй, харин эцсийн хэрэглэгчид 3 хувийн хүүтэйгээр олгох бөгөөд хүүгийн зөрүү 9 пунктыг Засгийн газар төсвөөсөө хариуцахаар шийдвэрлэсэн гэв. Одоогоор үндэсний 20 гаруй аж ахуйн нэгж ноолуур бэлтгэх саналаа ирүүлээд байгаа бөгөөд зээлийн шаардлага хангасан бэлтгэн нийлүүлэгчдэд зээл олгох юм байна. Ноолуурын доод ханшийг аймаг бүрд өөр өөрөөр тогтоосон бөгөөд дунджаар 100.000 төгрөг хэмээн тооцоолж, зээлийн хэмжээгээ тодорхойлсон гэв.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Энэ үеэр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны ноогдол ашиг олгохтой холбоотой тодруулга мэдээллийг Сангийн сайд өгсөн юм. Ирэх сард олгох дээрх ноогдол ашгийг брокерийн компаниудад данс нээлгэсэн 300 гаруй мянган иргэн уг дансаараа авах бол үлдсэн хэсэг нь НӨАТ-ын “e-barimt” программын бүртгэлээрээ дамжуулан авах боломжийг бүрдүүлсэн байгаа гэв. Иргэдийн ноогдол ашиг Сангийн яаманд төвлөрмөгц НӨАТ-ын буцаан олголт өгдөг системээр иргэн бүрд олгох тул тусгайлан данс нээлгэх шаардлагагүй гэлээ.

Монгол Улсын хэмжээнд 910 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бөгөөд үүнийн 180 мянга нь төрийн албан хаагч, 80 мянга нь төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн ажилтнууд юм. Эдгээрийг хасаад тооцохоор 640 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх арга хэмжээнд хамрагдах тооцооллыг Сангийн яамнаас хийгээд байгааг Ч.Хүрэлбаатар сайд тодруулж мэдээлсэн. Түүнчлэн түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдэд дүйцэх татварын хөнгөлөлтийг үзүүлэх бөгөөд нэр бүхий газруудаас түрээсийн төлбөрөө бууруулсан, тэглэсэн мэдээллээ Сангийн яаманд ирүүлээд байгааг сайд хэлсэн. Б.Жавхлан гишүүний тодруулсны дагуу коронавируст халдварын цар тахлын үеийн эрсдэлийг даван туулахаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх багц арга хэмжээний зардлын задаргааны талаар мэдээлэл өгсөн. Багц арга хэмжээний зардал болох 5.1 их наяд төгрөгийн 200 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарын санхүүжилт болгохоор, иргэдийн орлогыг хамгаалах арга хэмжээг 663 тэрбум төгрөг, ажлын байрыг хадгалах чиглэлд 880 тэрбум төгрөгийг, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээнүүдийг 3.4 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар Б.Жавхлан гишүүн тодруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 24-нд дуусах “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг Засгийн газар 80-85 хувьтай хэрэгжсэн хэмээн дүгнэж байгаа гэв. Энэ хүнд цаг үед ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэх зэрэг олон улсын байгууллагууд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж байгааг Сангийн сайд дурдав. Азийн хөгжлийн банк төсөвт дэмжлэг болох 200 сая ам.долларыг яаралтай олгох асуудлыг шийдвэрлэсэн, Дэлхийн банкнаас 60 сая ам.доллар, ОУВС-аас 100 орчим сая ам.долларын санхүүжилт шийдвэрлүүлэхээр яриа хэлцэл үргэлжилж байна гэлээ.  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ зээл, зээлийн хүүгийн дарамт нь аж ахуйн нэгжүүдэд ихээхэн хүндрэл үүсгээд байгааг онцлоод Монголбанкны зүгээс үүн дээр бодит шийдвэр, арга хэмжээ авч хэрэгжүүлэх авах шаардлагатай гэдгийг хэлж байв. Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, экспортыг дэмжих, импортыг орлох хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үр нөлөөтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломж бий гэдгийг гишүүд хэлж байв.

Ийнхүү гишүүд “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаан оролцсон 13 гишүүний 12 нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй