Шууд Chart

"Агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төв"-ийн нээлт боллоо

2026-06-14 13:42:05

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар болон БНСУ-ын Үндэсний цаг уурын газар, Цаг уурын хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн "Монгол Улсад цаг уурын нэгдсэн автомат систем суурилуулах нь I, II " төсөл нь 2017-2019, 2022-2026 онд хэрэгжсэн.

Энэхүү төслийн II шатны хүрээнд төвийн бүсийн аймаг, сумдад нийт 52 цаг агаарын автомат станц суурилуулж, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод "Агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төв"-ийг байгуулсан бөгөөд тус төвийн нээлтийн ёслолын арга хэмжээ өнөөдөр /2026.06.14/ боллоо.

Шинээр байгуулагдсан уг төв нь агаар мандлын дээд үе давхаргын мэдээллийг олон улсын стандартын дагуу тогтмол цуглуулж, боловсруулах, ашиглах нөхцөлийг бүрдүүлж, цаг агаарын урьдчилсан мэдээний чанар, нарийвчлалыг олон улсын түвшинд нийцэх хэмжээнд сайжруулах ач холбогдолтой юм.

Нээлтийн арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир  нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг даван туулах үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилтыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэлээ.

Мөн энэхүү төв ашиглалтад орсноор байгаль орчныг хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх Монгол Улсын үндэсний тогтолцоог бэхжүүлэх стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт болохыг тодотгов.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны судалгаа, нүүрстөрөгчийн эргэлтийн үнэлгээ, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүчний нөөцийн үнэлгээ, нисэхийн цаг уурын үйлчилгээ болон бүс нутгийн гамшгийн эрсдэлийн хамтарсан мониторингийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжуудыг нээж байгааг цохон тэмдэглэж, салбарын нийт албан хаагчдад ажлын өндөр амжилт хүслээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга хэлсэн үгэндээ Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аэрологийн станцуудын мэдээлэл дэлхийн цаг уурын мэдээлэл солилцооны сүлжээгээр дамжин олон улсын тоон прогнозын төвүүдэд хүрч, дэлхийн агаар мандлын загварчлалын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулж байгааг дурдав.

Мөн шинэ төв ашиглалтад орсноор дээд агаар мандлын ажиглалтын мэдээллийн чанар, хүртээмж нэмэгдэж, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд чанартай ажиглалтын өгөгдөл нийлүүлэгч, дэлхийн газар зүйн ажиглалтын сүлжээний идэвхтэй оролцогч орны байр сууриа улам бэхжүүлэх боломж бүрдэж байгааг тодотголоо.

Арга хэмжээний үеэр БОУАӨЯ-наас аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулан 2 ширхэг мотоцикл олгосныг хүлээлгэн өглөө.

Нээлтийн арга хэмжээнд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Ч.Чанцалдиймаа болон салбарын төлөөлөл оролцов.


"Агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төв"-ийн нээлт боллоо  
Үзсэн: 95 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй